Мандах Их Сургуультай хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурлаа
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Мандах Их Сургуулийн үйл ажиллагаа болон дэд бүтцийн хүртээмжтэй танилцан хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Энэ үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа “Байгууллага, иргэдээс гаргаж байгаа шинэ санаачилгыг дэмжин загвар үйл ажиллагааг нэвтрүүлэх, сурталчилхад ихээхэн анхаарч хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүдэд үйлчилгээ үзүүлж буй байгууллагуудад загвар үйл ажиллагааг туршин, цаашид улсын хэмжээнд нэвтрүүлэх санаачилга гаргаж байгаа. Та бүхнийг манай ажилд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаар болсонд талархал илэрхийлье. Хүн бүр өөрийн хүссэн мэргэжлээр тэгш, хүртээмжтэй орчинд суралцаж, боловсрол мэргэжил эзэмших ёстой” гэдгийг онцлон хэллээ.
Мандах Их Сургууль нь 1992 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 2018 онд хичээлийн шинэ байрыг ашиглалтад оруулжээ. Тус байр нь боловсролын байгууллагын барилга байгууламжийн стандарт, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээ шаардлагыг хангасан орчин нөхцөлийг бүрдүүлжээ. Сурч боловсрох хүсэл эрмэлзэлтэй боловч сургуулиудын дэд бүтцийн хүртээмжгүйн улмаас суралцах боломжгүй байгаа залууст зохих нөхцөлийг бий болгосон нь тус хамт олны нийгмийн хариуцлагын хүрээнд хийж буй чухал ажил болжээ.
Тодруулбал, тулгуур эрхтний болон хөдөлгөөний бэрхшээлтэй суралцагчдад зориулсан налуу зам, цахилгаан шат, давхар бүрд ариун цэврийн өрөө, шатны бариул байгаагаас гадна “Мандах Их Сургуулийн хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийг дэмжих хөтөлбөр”-ийг боловсруулсан байна.
Уг Санамж бичгийн хүрээнд 2024 он хүртэл Мандах Их сургуулийн багш ажилчид болон оюутан суралцагчдад хөгжлийн бэрхшээлийн нийгмийн загварын ойлголт хандлага нэмэгдүүлэх сургалт зохион байгуулах, сургалтын орчин болон хичээлийн хөтөлбөрүүдэд мэдээллийн хүртээмжтэй байдлыг хангуулах, хөгжлийн бэрхшээлтэй сурагчдыг элсэн ороход нь дэмжлэг үзүүлэх зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэх юм.