Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлаар 2 судалгааг Монгол Улсад анх удаа хийлээ

Ажлын байрны нөхцөлийн судалгаа

Европын холбооны судалгааны аргачлалд үндэслэн Монгол Улсад анх удаа Ажлын байрны нөхцөлийн судалгааг хийлээ. Судалгаа нь ажиллагчдын ажлын амьдрал (working life)-ын дүр зургийг иж бүрнээр харах боломжийг бодлого боловсруулагч нарт олгож байгаагаар давуу талтай. Монгол Улс ажлын цагийн ашиглалт, бүтээмж, цалин хөлсний хэмжээ, үйлдвэрлэлийн ослын тоо зэрэг ажлын чанарын зарим үзүүлэлтийг тооцдог боловч, ажлын байрны түвшинд олон хэмжээст багц үзүүлэлт бүхий индексээр хэмжиж байсан туршлага үгүй юм.

Ажлын чанарын индекс гэдэг нь тухайн ажил мэргэжил, салбарын ажлын чанарыг ажлын олон талт шинж байдлыг харгалзан биет буюу физик орчин, ажлын эрчим буюу ачаалал, ажлын цагийн чанар, нийгмийн орчин, ур чадвар ба оролцох чадамж, цалин, орлого гэсэн үндсэн 6 хэмжигдэхүүнээр багцлан хэмжиж, индексээр харуулж байгааг хэлнэ. Цалин, орлогын индексээс бусад ажлын чанарын бүх индексийг 0-ээс 100 хүртэлх оноогоор хэмжих бөгөөд ажлын эрчим буюу ачааллын индексээс бусад индексийн оноо өндөр байх тусам ажлын чанар сайн байна гэж үзнэ.

Европын  холбооны дундаж үзүүлэлттэй харьцуулбал, биет буюу физик орчны индекс 12 оноогоор доогуур; ажлын эрчим буюу ачааллын индекс 2 оноогоор бага байгаа бол ажлын цагийн чанарын индекс болон нийгмийн орчны индекс тус бүр 7 оноогоор илүү; ур чадвар ба оролцооны индекс ижил оноотой байна. Ажлын эрчим буюу ачааллын индексийн утга доошлох хирээр ажлын чанар сайнаар үнэлэгдэх учир энэ үзүүлэлт Европын холбооныхоос илүү сайн байна.  Манай улсын хөдөлмөрийн физик орчин нөхцөл нилээн доогуур  боловч нийгмийн орчны түвшингээр сайн гарсан байна.

 

Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний нийгэм, эдийн засагт үзүүлэх үр нөлөөллийн судалгаа

Үйлдвэрлэлийн осол, гэмтэл, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас учрах хохирлыг судалгаагаар анх удаа тооцож гаргалаа.

Хөдөлмөрийн аюлгүй байдал эрүүл ахуйг сайжруулах нь нийгмийн ухамсар, хариуцлага болон хуулийн зохицуулалтаас гадна эдийн засгийн үр дагавартай шууд холбоотой байдаг. Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас үүссэн эдийн засгийн хохирол нь байгууллагыг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг сайжруулахад чухал түлхэц болдог. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын статистик мэдээллээр үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас өдөр бүр 7600 гаруй хүн нас барж, сая гаруй хүн гэмтэж, өвчилж байна Хүний амь нас, эрүүл мэндэд учирч байгаа хохирлын хажуугаар нийгэм болон эдийн засагт үзүүлж буй нөлөөлөл  асар их юм. Эдийн засгийн хүрээнд ОУХБ-ын хийсэн тооцооллоор үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас учирч байгаа хохирол дэлхийн хэмжээнд ДНБ-ний 4 ба түүнээс дээш хувьтай тэнцэж байна

Энэ удаагийн судалгаа нь 2019 оны тоо мэдээнд суурилсан бөгөөд 2019 оны байдлаар үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний эдийн засагт үзүүлэх хохирол 127.8 тэрбум төгрөг байна. Энэ нь манай улсын ДНБ-ий 0.4 хувь (ДНБ 2019 онд 36.9 их наяд төгрөг), нийт төсвийн зардлын 1.1 хувь, нийгмийн даатгалын сангийн зардлын 6.0 хувьтай тэнцэж байна.

Дээрх 2 судалгааны тайланг хавсралт хэсгээс татаж авна уу.

Хавсралт файл
Гарчиг Татах
1 Монгол Улсын ажлын байрны нөхцөлийн түүвэр судалгаа-2020
2 Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний нийгэм, эдийн засагт үзүүлэх үр нөлөөллийн судалгаа
Дээш