Хүүхэд хамгааллын салбар дундын бүлгийн хурлаар цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ

Хүүхдийн эрхийн тухай хуулийн дагуу Засгийн газрын 2019 оны 201 дүгээр тогтоолоор Онцгой нөхцөл байдлын үед хүүхдийн эрхийг хамгаалах, тусламж дэмжлэг үзүүлэх журмыг баталж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны А/257 дугаар тушаалаар Хүүхэд хамгааллын салбар дундын бүлэг байгуулагдан ажиллаж байна.

Өнөөдрийн хуралдаанаар Сovid 19 халдварын онцгой нөхцөл байдлын үед хүүхэд хамгааллын салбар дундын бүлгийн бэлэн байдал, хариу арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцаж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар салбар дундын бүлэгт үүрэг чиглэл өглөө.

Тодруулбал, Сургууль, цэцэрлэг эхлэхтэй холбогдуулан хүүхдийн аюулгүй байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр салбаруудын үйл ажиллагааг нэгтгэж, нэгдсэн бодлого, төлөвлөлттэй байх үүднээс 9 дүгээр сарын 15-ны дотор Боловсролын кластертай хамтарсан хурал зохион байгуулж, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхээр боллоо.

Ковид19 цар тахлын хөл хорио тогтоосонтой холбогдуулан хүүхдийг хараа хяналтгүй байх, улмаар ахуйн осол гэмтэл, хүчирхийлэлд өртөж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2020 оны “Хүүхдийн эрхийг хамгаалах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх тухай” 01 дүгээр албан даалгавар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Эрүүл мэндийн сайдаар “Гэр бүлийн орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хангах, болзошгүй осол гэмтэл, эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний удирдамж, төлөвлөгөөг батлуулсан.

Ковид19 халдварын онцгой нөхцөл байдлын үед хүүхэд хамгааллын салбар дундын бүлгийн бэлэн байдал, хариу арга хэмжээний төлөвлөлттэйгөөр ажиллаж байна. Энэ хүрээнд хүүхдийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр онлайн болон хэвлэмэл байдлаар, албан бичгээр заавар зөвлөмж хүргэсэн. Мөн хүүхдийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр баар, зочид буудал, тоглоомын газар, худалдаа үйлчилгээний газар хяналт шалгалт хийж ажилласан байна.

“Хүүхэд эрхэм хэрэглэгч” аяны хүрээнд хүүхдийг эрсдэлээс хамгаалах зорилгоор байгууллагуудын эцэг эхийн зөвлөлөөр дамжуулж, заавар зөвлөмжийг 27.2 мянган албан хаагчид хүргэсэн. Энэ хүрээнд албан хаагчид “Миний гэр аюулгүй орчин үнэлгээ”-г өрх гэртээ хийсэн байна.

Эдгээрээс гадна албан хаагч, өрх гэр бүлд чиглэсэн цахим сургалт зохион байгуулж, 105 мянган өрхөд түргэвчилсэн үнэлгээ хийж, 2.6 мянган өрхөд мэдээллийн багц, 1.1 мянган өрхөд хоол хүнсний тусламж, 2.2 мянган өрхөд эрүүл мэндийн багцын тусламж, нийт 6.3 мянган өрхөд 346.4 сая төгрөгийн тусламжийг улсын хэмжээнд олгоод байна.

“Сэтгэцийн эрүүл мэнд ба сэтгэл зүйн тусламж үзүүлэх анхан шатны мэдлэг олгох нь” сургалтад салбарын албан хаагчид болон асрамж халамжийн төвүүдийн албан хаагчид, 24 цагийн цэцэрлэгийн багш нар нийт 150 гаруй албан хаагчид хамрагдлаа.

Ковид19 цар тахлын үед гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийлэл нэмэгдсэнтэй холбогдуулж хохирогчдод үйлчилгээ үзүүлэх Нэг цэгийн үйлчилгээний төвийг НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр нийслэлийн Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт байгуулаад байна.

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны Хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах тухай 206 дугаар тогтоолыг батлуулж БНЭУ-д шашны чиглэлээр суралцаж байсан 179 лам хүүхдийг авчирч тусгаарлах, болон хөгжил хамгааллын үйлчилгээний зардлыг улсын төсвөөс болон НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүжилтээр шийдвэрлэн ажилласан.

Дээш