Гэр бүлийн хүчирхийлэлийн хохирогчид үйлчилгээ үзүүлэх нэг цэгийн үйлчилгээний төв Нийслэлийн Чингэлтэй болон Сүхбаатар дүүргүүдэд шинээр нээгдлээ
Ковид-19 цар тахлын үед хөл хорио, хязгаарлалтын дэглэм тогтоосон нь хүн амын өдөр тутмын амьдралын хэв маягт өөрчлөлт орох, олон нийтийн дунд стрессийн түвшин нэмэгдэх улмаар гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдэж байгаа үед үүсэх хүндрэлийг даван туулах, хүчирхийллийн хохирогч хүүхэд, эмэгтэйчүүдийг хамгаалах, тэдний аюулгүй байдлыг хангах шаардлагатай болж байна.
Цагдаагийн ерөнхий газрын мэдээгээр Ковид-19 цар тахлын хөл хорио тогтоосон энэ хугацаанд гэмт хэргийн дуудлага, мэдээлэл багассан бол гэр бүлийн хүчирхийллийн зөрчлийн дуудлага, мэдээлэл нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Улсын хэмжээнд 2020 оны эхний 5 сарын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн зөрчлийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад 65,3 хувиар, хүчирхийллийн хохирогчид үйлчилгээ үзүүлэх Нэг цэгийн үйлчилгээний төв, Түр хамгаалах байраар үйлчлүүлсэн иргэдийн тоо өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 88 хувиар тус тус нэмэгдсэн байна.
Иймд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт Нэг цэгийн үйлчилгээний төвийг шинээр байгуулах саналыг НҮБ-ын Хүн амын санд тавьж, Швейцарийн хөгжлийн агентлагаас санхүүгийн дэмжлэг үзүүлснээр Чингэлтэй дүүрэгт 20 хүн, Сүхбаатар дүүрэгт 8-16 хүн хүлээн авах хүчин чадал бүхий Нэг цэгийн үйлчилгээний төвүүд ашиглалтад орж, нээлтээ хийлээ.
Нэг цэгийн үйлчилгээний төвүүд байгуулагдсанаар хүний суурь эрхүүд хангагдаж, нэг цэгээс аюулгүй байдлын хамгаалалт, эрүүл, мэнд, нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээг мэргэжлийн түвшинд үзүүлэх боломж бүрдэж байна.
Төвийн нээлтийн үйл ажиллагаанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хүн амын хөгжлийн газрын Хүүхэд, эмэгтэйчүүд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Н.Баярмаа, Нийслэлийн засаг даргын орлогч Ш.Анхмаа, ГБХЗХГ-ын Хүүхэд хамгаалал, гэр бүлийн хөгжлийн газрын дарга Н.Өлзийхутаг, НҮБ-ын Хүн амын сангийн Шадар суурин төлөөлөгч А.Илиза нар болон бусад албаны хүмүүс оролцлоо.
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМ