С.Чинзориг сайд тэтгэвэр барьцаалсан зээлийг тэглэх хуулийн төслийг өргөн барилаа

ҮАБЗ-өөс гаргасан иргэдийн тэтгэврийн зээлийн өрийг нэг удаа тэглэх, цаашид тэтгэвэр барьцаалсан зээл олгохгүй байх  арга хэмжээг хэрэгжүүлэх зөвлөмжийг хэрэгжүүлэх хүрээнд Ерөнхий сайдын захирамжаар иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээл, зээлийн хүүгийн өрийн дарамтаас чөлөөлөх, байгалийн баялгийн  орлогын өгөөж буюу Салхитын мөнгөний ордын орлогоос нэг удаа төлөх хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригоор ахлуулан байгуулсан.

Ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд шуурхай ажиллаж Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс  нэг удаа төлөх хуулийн төслийг боловсруулснаа өнөөдөр /2020-01-06/ УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Хуулийн төслийн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг мэдээлэл хийв.

Нийгмийн даатгалын сангаас 2019 оны арванхоёрдугаар сарын байдлаар нийтдээ 421.1 мянган иргэн тэтгэвэр авч байна. Улсын хэмжээнд дундаж тэтгэвэр 376.9 мянган төгрөг байгаа бөгөөд нийт тэтгэвэр авагчдын 53.8 хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр буюу сард 270.0-310.0 мянган төгрөгийн  тэтгэвэр авч байгаа юм.

С.Чинзориг сайд тэтгэвэр барьцаалсан зээлийг иргэд хоёр шалтгаанаар авч буй бөгөөд сүүлийн жилүүдэд өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ ханш нэмэгдэж тэтгэвэр авагчдын худалдан авах чадварт, ялангуяа ахмад настнуудын амьжиргаанд сөргөөр нөлөөлөх болсны улмаас ирээдүйд авах тэтгэврээ барьцаалж арилжааны банкнаас зээл авч байгааг дурдаад өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар  нийт  тэтгэвэр авагчдын 54.5 хувь буюу 229.4 мянга нь 763.3 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгааг дуулгалаа.   

Тэрбээр “Тэтгэврээс өөр орлогогүй иргэд тэтгэвэр барьцаалсан зээл авч, банкны хүү нэмж төлснөөр ядууралд өртөж, зайлшгүй шаардлагатай өдөр тутмын хэрэгцээгээ хангаж чадахгүйд хүрч  байгаа тул ахмадуудад учирч байгаа тэтгэврийн зээлийн дарамтыг бууруулах зорилгоор Засгийн газар 2016 оноос эхлэн зээлийн хүүг бууруулах шат дараалсан арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. 

Нэг жил хүртэлх хугацаатай тэтгэврийн зээлийн хүү 2016 онд 15.0 хувь байсныг 10.0, хоёр жил болон түүнээс дээш хугацаатай зээлийн хүү 18.0 байсныг  өнгөрсөн оны аравдугаар сарын 1-нээс 15.6 хувьд хүргэсэн. Түүнчлэн сарын тэтгэврийн 70 хувийг зээл хэлбэрээр олгож, үлдэх 30 хувьд ногдох тэтгэврийг сар бүр иргэдийн гарт очиж байхаар шийдвэрлэсэн.

Арилжааны банкнаас олгож байгаа бизнесийн болоод хэрэглээний зээлийн үйлчилгээнээс тэтгэвэр барьцаалсан зээл хамгийн бага хүүтэйгээс гадна зээл авах нөхцөл, шаардлага хялбар тул зээлийн эрэлтийг зохиомлоор болгох, иргэд  дахин зээл авах байдлаар урт хугацаанд санхүүгийн болон сэтгэл зүйн дарамтад өртөж байна.

Тиймээс Ажлын хэсэг Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс  нэг удаа төлөх хуулийн төслийг боловсруулж Засгийн хуралдаанаар хэлэлцүүлээд УИХ-д өргөн барилаа” гэсэн мэдээллийг өглөө. Түүнчлэн хуулийн хамрах хүрээ болон зээлийг тэглэх санхүүгийн эх үүсвэрийн талаар ч тодорхой тайлбарласан.

Хуулийн төсөлд Нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр авагч, хөдөлмөрийн чадвар алдсаны улмаас тэтгэмж авч буй хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэжээгчээ алдсаны тэтгэмж авч буй болон цэргийн алба хаасны тэтгэвэр авагч иргэн тэтгэвэр барьцаалан банкнаас зээл авсан бол зээлийн үлдэгдэл төлбөрийг нэг удаа нөхөн төлөх арга хэмжээнд хамруулахаар тусгажээ.

Мөн тэтгэврийн зээлээ төлж амжилгүй хорвоог орхисон ахмадуудын зээлийн үлдэгдлийг энэ хуульд хамруулах юм байна. Харин зээлээ 2019 оны арванхоёрдугаар сарын 31-нээс өмнө төлж дууссан иргэдэд хамаарахгүй.

ҮАБЗ-ийн зөвлөмжид иргэдийн тэтгэврийн зээлийн үлдэгдэл төлбөрийг  Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулснаас олох орлогоос төрд ногдох өгөөжийг барьцаалан үнэт цаас гаргах замаар барагдуулахаар заасныг хуулийн төсөлд тусгасан байна.   

Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий мөнгө, алтны ордуудад төрийн эрхийг хэрэгжүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах, мөнгө цэвэршүүлэх үйлдвэр байгуулах зорилгоор 2019 онд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин компани хэлбэрээр “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийг байгуулж Салхитын мөнгө, алтны ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг тус компанид шилжүүлсэн.

Салхитын мөнгөний орд нь ашиглалтын талбайнхаа гуравны хоёрт нөөц  тогтоолгосон. Уг судалгаагаар 808.3 тонн мөнгө 1117.1 кг алтны нөөц тогтоогдсоныг барьцаалж жилийн 6.0 хувийн хүүтэй бондыг таван жилийн хугацаатай гаргаж арилжааны банкуудад борлуулах замаар хөрөнгө босгон зээлийн өрийг тэглэх санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх юм байна.   

Хуулийн төслийг дагалдуулан цаашид иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг  барьцаалан зээл олгохгүй байхаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, Ахмад настны тухай хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг ч мөн боловсруулжээ.   

Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс  нэг удаа төлөх тухай хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөд заасан “Монгол Улс стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэсэнтэй нийцэж байгааг С.Чинзориг сайд мэдээлэлдээ дурдсан.

Мөн тэрбээр тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх арга хэмжээ авч буйтай холбогдуулан Монголбанк болон арилжааны банкуудтай тэтгэвэр барьцаалсан зээлийн үйлчилгээг зогсоож өрхийн зээл, эсвэл богино хугацаатай тэтгэврийн урьдчилгаа бүтээгдэхүүн бий болгох талаар яриа хэлэлцээг үргэлжлүүлж тодорхой зүйлүүдийг хийнэ гэдгээ ч хэлсэн.

Түүнчлэн бондын баталгааг Засгийн газар биш Хөгжлийн банк гаргах учраас төсөвт санхүүгийн хүндрэл дарамт ирэхгүй, төсвийн тодотгол хийх шаардлагагүй нэг үгээр төсвөөс гадуур зохицуулагдаж байгаа гэдгийг ч тайлбарласан.

УИХ-д өргөн барьсан хуулийн төслийг Байнгын хороод болон чуулганаар хэлэлцэн баталснаар Цагаан сараас өмнө ахмадууд зээлээ тэглүүлэх боломжтой болох юм.

Дээш