Сайн дурын үйл ажиллагааны сургагч багш бэлтгэх сургалт эхэллээ

ХНХЯ НҮБ-тай хамтран Сайн дурын үйл ажиллагааг удирдах, чиглүүлэх, зохион байгуулах ур чадварыг олгох, сайн дурын үйл ажиллагааны сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгуулж эхэллээ.Мэдээллийн технологийн үндэсний паркт болж буй сургалтын хөтөлбөрийг МУБИС-ийн Нийгмийн ажлын тэнхим боловсруулсан бөгөөд аймаг, дүүргийн Залуучуудын хөгжлийн төвийн 90 ажилтан, албан хаагч оролцож байна.

Нийт 16 академик цагтай сургалтын хөтөлбөрт сайн дурын үйл ажиллагааны  түүхэн хөгжил, онцлог, төрөл, хэлбэр, сайн дурын ажилтны үүрэг, хариуцлага, ур чадвар, ёс зүйн асуудлууд, сайн дурын үйл ажиллагааны бэлтгэл болон зохион байгуулалтын үе шатууд, сайн дурын ажил хийх олон нийтийн идэвх, санаачлагыг нэмэгдүүлэх арга хэлбэрүүд зэрэг олон талын асуудлыг хамарсан. Мөн академик сургалтаар олгосон мэдлэг, мэдээлэл, чадварыг баталгаажуулах кейс дээр ажиллах багийн дасгал ажлуудыг багтаажээ.

Сургалтын үеэр “Сайн дурын ажлыг бүртгэх, баталгаажуулах журам” болон журмын хэрэгжилтийн талаар танилцуулах бөгөөд онол практик хосолсон энэхүү сургалт нь залуучуудын сайн дурын ажлыг зохион байгуулах ур чадварыг олон талаар хөгжүүлэх, журмын хэрэгжилтийг сайжруулах ач холбогдолтой юм.

НҮБ “Сайн дурын ажил бол дэлхий даяар, бүх нийгэмд буй хүй хамтлаг (community)-ийн хүч чадвартай, бас энэрэнгүй байхын үндсэн эх сурвалж юм” гэж тодорхойлсон бөгөөд аливаа улс оронд зовлон бэрхшээл тулгарахад иргэд сайн дураараа нэгдэж, хүч хөрөнгө, мэдлэг чадвараа дайчлан хүчээ нэгтгэж чадвал тухайн бэрхшээл  хүнд хэцүү нөхцөл байдлыг гарз, хохирол багатай даван туулдаг.

Нөгөө талаас, сайн дурын ажил нь хувь хүний төлөвшилд эерэгээр нөлөөлдөг бөгөөд  төлөвшиж буй өсвөр үеийнхэн, залуучууд сайн дурын ажлын талаар мэдлэг, ойлголттой, оролцох идэвх сонирхолтой байснаар удирдан, зохион байгуулах, багаар ажиллах, бусадтай хамтрах, ойлголцох чадвар хөгжихийн зэрэгцээ бусдыг энэрэн туслах сэтгэлтэй болж төлөвшдөг учраас сайн дурын ажил нь нийгэм болон хувь хүнд олон талын өгөөжтэй арга хэмжээ юм.

Манай улсад сайн дурын ажлыг дэмжих, сайн дурын ажлын нийгмийн болон хувь хүний өгөөж, давуу талыг нэмэгдүүлэх, Залуучуудын хөгжлийг дэмжих хуулийг хэрэгжүүлэх хүрээнд “Сайн дурын ажлыг бүртгэх, баталгаажуулах журам”-ыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны А/130 дугаар тушаалаар баталсан.

Энэхүү журмаар хараа хяналтгүй хүүхэд, өсвөр үеийнхэн, залуучуудыг нийгэмшүүлэх, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний асрамж, халамжийн байгууллагуудыг дэмжих, эрх ашиг зөрчигдсөн залуучууд, хүмүүсийн эрх ашгийг хамгаалах, эргэн нийгэмшихэд туслах, аливаа хүчирхийллийн хохирогч болсон хүүхэд, өсвөр үеийнхэн,  залуучууд, иргэдэд туслах, нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх, нөхөн сэргээх; гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, нийгмийн эрүүл мэндийг дэмжих, эрүүл зан үйл, дадал хэвшил төлөвшүүлэх, нийгмийн хэв журмыг сахиулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах; гэмт хэргээс урьдчилан сэргийлэх; орчны бохирдол, цаг уурын өөрчлөлт, агаарын бохирдлыг бууруулах зэрэг олон чиглэлээр залуучуудын сайн дурын ажлыг дэмжих, сайн дурын ажлын гүйцэтгэл, үр нөлөөг харгалзан ажлын туршлагад тооцох, мэдээллийн санд бүртгэн баталгаажуулах зэрэг харилцааг зохицуулсан.

Залуучуудын сайн дурын ажлыг дэмжиж “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам, загвар”-д нийтэд тустай сайн дурын, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд манлайлан оролцсон бол удирдан зохион байгуулах, багаар ажиллах чадварын үнэлгээнд давуу талд тооцохоор тусгаад байна.

Иймд сайн дурын ажил санаачлах, манлайлах, оролцох залуучуудын идэвх, сонирхол нэмэгдэхтэй холбогдуулан сайн дурын ажлыг удирдах, чиглүүлэх, зохион байгуулах хүний нөөцийн чадавхийг дээшлүүлэх, сургах, мэргэшүүлэх хэрэгцээ шаардлага тулгарч байгаа юм.

Дээш