Японы "Palette" төвийн тэргүүн сургалт зохион байгууллаа

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Дэд сайд С.Мөнгөнчимэг өнөөдөр Японы “Palette” төвийн тэргүүн, үүсгэн байгуулагч Наоко Таникүчийг хүлээн авч уулзлаа.

Хатагтай Наоко Таникүчи нь 1983 онд “Палетте тусламжийн нийгэмлэг”-ийг үүсгэн байгуулж, ихэвчлэн оюуны бэрхшээлтэй хүмүүст зориулсан чөлөөт үйл ажиллагаа явуулдаг. “Тамариба Палетте” нэртэй газарт цуглардаг байсан ба улмаар 1985 онд “Окашияа Палетте”, “Коубоу Палетте” нэртэй газруудыг ажлын оффисын зориулалтаар байгуулжээ. Мэйжи Гаккуйн их сургуулийн Нийгмийн халамжийн ангид суралцаж төгссөн тэрээр 37 нас хүрэхдээ халамжийн чиглэлээр 3 жил, сайн дурын туслах багшаар 2 жил, оюуны бэрхшээлтэй тусгай хэрэгцээт Сейчо сургуулийн туслах багшаар 3 сар ажилласан туршлагатай. Сайн дурын ажлыг 10 жил хийхдээ хөгжлийн бэрхшээлтэй 300 гаруй хүүхдийг өөрийн гараар асарч, тусалж, хөгжихөд нь дэмжлэг үзүүлсэн байна.

Өнөөдөр түүний үүсгэн байгуулсан “Палетте” тусламжийн нийгэмлэг нь Шриланк улсад ч салбартай олон улсын байгууллага болжээ. “Палетте Хаус Икотто” нэртэй газар нь хөгжлийн бэрхшээлтэй болон бэрхшээлгүй хүмүүс хамтдаа амьдрах боломж бүрдүүлснээрээ онцлог аж.

Хатагтай Наоко Таникүчи хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмийн амьдралд оролцох, бие даан хөгжиж сурах, ажилтай болоход нь тусалдаг юм. Тэрээр ХНХЯ-нд "Хүн бүрт оршин суугаа газартаа ээлтэй нийгмийг бүрдүүлэх нь" сургалт зохион байгууллаа. Сургалтад ХНХЯ-ны газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, Хөдөлмөр, нийгмийн халамжийн хэлтсийн мэргэжилтнүүд болон ТББ, нийгмийн ажилтан зэрэг хүмүүс хамрагдлаа.

Дээш