“МОНГОЛ ДАХЬ ДОТООДЫН ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙГ ОЙЛГОЖ УДИРДАХ НЬ” ТӨСЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО
НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага Швейцарийн Хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр 2019-2023 онд хэрэгжих “Монгол дахь дотоодын шилжилт хөдөлгөөнийг ойлгож удирдах нь” төслийн нээлт өнөөдөр НҮБ-ын байранд боллоо.
Төслийн нээлтэд ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага /ОУШХБ/-ын Хятад-Монголыг хариуцсан товчооны дарга Жузеппэ Крочети, НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра, Швейцарйин Хөгжлийн агентлаг /ШХА/-ийн нэгдүгээр нарийн бичгийн дарга Бунуа Мейэр-Биш нарын албаны хүмүүс, төсөл хамтран хэрэгжүүлэх байгууллага Нийслэлийн ЗДТГ, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Үндэсний статистикийн хороо, МУИС-ийн төлөөлөл оролцов.
Энэхүү төслийн зорилгыг шилжилт хөдөлгөөнийг тусгасан, нотолгоонд суурилсан бодлого боловсруулж, анхан шатны оролцоотойгоор бодит үр дүнд хүрэх үйл ажиллагаа хэрэгжүүлж Монгол орны дотоодын шилжин суурьшигчдын нийгэм, эдийн засгийн байдлыг сайжруулах хэмээн тодорхойлсон бөгөөд товчоор дотоодын шилжилт хөдөлгөөний шалтгаан нөхцөлийг судлан, бодитой тогтоосноор шилжилт хөдөлгөөнийг бууруулахад чиглэсэн төрийн оновчтой бодлого шийдвэрт шаардлагатай дүн шинжилгээг гаргаж өгөх юм.
“Монгол дахь дотоодын шилжилт хөдөлгөөнийг ойлгож удирдах нь“ төслийг хэрэгжүүлэхийн өмнө буюу 2017-2018 онд ОУШХБ нь ШХА-ийн дэмжлэгтэйгээр Монгол дахь дотоодын шилжин суурьшигчдад тулгардаг бэрхшээл, тэдний аж байдлын талаар суурь ойлголт авах туршилтын төслийг хэрэгжүүүлсэн байна.
Хөдөө орон нутгаас хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн сүүлийн 20 гаруй жилд асар хурдтай явж Монгол Улсын нийт хүн амын 50 шахам хувь нь нийслэл Улаанбаатарт амьдарч байгаа. Нийслэлд шилжин ирэгсдийн хувьд ажлын байр олох, амьдралын илүү нөхцөл хайх, нийгмийн суурь үйлчилгээнд ойр байх боломжийг эрэлхийлсэн байдаг бөгөөд насны хувьд 25-39 насныхан байна. Гэвч тэд хотод ирээд амьдрал нь сайжирч чадсан уу гэдэг эргэлзээтэй. Шилжин суурьшигчдын олох нь нийслэлийн төрийн үйлчилгээ авах боломжоор хязгаарлагдмал, агаарын бохирдол хамгийн өндөр, хотын захын хороололд суурьшин хөдөлмөр эрхлэх боломжоор хомс байдалд амьдардаг. Улмаар хотын ядуу иргэдийн тоо өсч, гадны орнуудад амьдралын таатай нөхцөл хайн эх орноо орхиход хүрч буй билээ. Сүүлийн жилүүдэд газар аваад буй энэхүү хандлагыг өөрчлөхгүй бол хүн амын дундах залуучуудын тоо эрс буурч, улс орны хөгжилд муугаар нөлөөлөхөд хүргэж болзошгүй байгаа юм.
Төслийн хүрээнд үндэсний болон орон нутгийн удирдлагыг дотоодын шилжилт хөдөлгөөний тухай нотолгоонд суурилсан мэдээллээр тогтмол хангаж, дотоодын шилжилт хөдөлгөөнийг төрийн бодлогод тусган, бодлогын хэрэгжилтийг иж бүрэн, уялдаа зохицуулалттай байлгахын тулд холбогдох ажилтнуудыг чадавхижуулах ажлыг ч хийх юм байна.
НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага эгнээндээ дэлхйин 170 гаруй орныг нэгтгэсэн. Монгол Улс 2008 онд элсч, тус байгууллага 2011 онд Улаанбаатар хотноо төлөөлөгчийн газраа нээн Бээжин дэх товчооноос удирдлагаар ханган ажиллаж эхэлснээс хойш шилжилт хөдөлгөөнийг үр дүнтэй удирдах манай улсын Засгийн газрын хүчин чармайлтад өргөн хүрээний төсөл, хөтөлбөрөөр дамжуулан хувь нэмрээ оруулсаар ирсэн байгууллага юм.
Швейцарийн Хөгжлийн агентлаг нь Швейцарийн Холбооны Гадаад хэргийн яамны харьяа хамтын ажиллагааны байгууллага бөгөөд тус улсын хөгжлийн тусламжийг хэрэгжүүлэх үүрэг хүлээдэг. Тус агентлаг Монгол Улсад хөдөө аж ахуй болон хүнсний аюулгүй байдал, мэргэжлйин боловсрол сургалт, засаглал гэсэн гурван чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.