ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” тухай хуулийн 13 дугаар зүйлийн хэрэгжилтийг хангах, хүчирхийллийн хохирогчдод зориулсан Нэг цэгийн үйлчилгээний төвөөс хамтарсан багтай ажиллах удирдамж, хохирогчийг бусад шаардлагатай үйлчилгээнд холбон зуучлах удирдамж, үйлчилгээнд тавигдах ёс зүйн зарчмыг боловсруулах зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй иргэнийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
Зөвлөх үйлчилгээний хүрээнд дараах ажлыг гүйцэтгэнэ. Үүнд:
Зөвлөх нь дараах ажлыг гүйцэтгэнэ.
- Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-т заасан “Нэг цэгийн үйлчилгээ”-ний өнөөгийн нөхцөл байдал, хуулийн хэрэгжилтийн талаар дүн шинжилгээ хийнэ.
- Хамтарсан баг болон Нэг цэгийн үйлчилгээний төвийн үйлчилгээний онцлог, үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээг тодорхойлох судалгаа хийнэ.
- Хамтарсан баг болон Нэг цэгийн үйлчилгээний төвийн ажилтнуудын ажлын байрны шинжилгээ ба тодорхойлолтыг үнэлнэ.
- Хамтарсан баг болон Нэг цэгийн үйлчилгээний төвийн үр дүнтэй хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийг судлах, санал боловсруулах
- Жендэрт суурилсан хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид үзүүлж буй үйлчилгээний талаар олон Улсын туршлагыг судлаж /3-аас доошгүй улсын/ Монгол Улсын хүчирхийлэлтэй тэмцэх үйлчилгээний тогтолцоотой харьцуулсан судалгаа хийнэ.
- Хүчирхийллийн хохирогчид үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг бүхий Нэг цэгийн үйлчилгээний төвөөс Хамтарсан багтай ажиллах үйлчилгээний удирдамж, зааврын төслийг боловсруулна.
- Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг шаардлагатай үйлчилгээнд холбон зуучлах үйлчилгээний удирдамж, зааврын төслийг боловсруулна.
- Хамтарсан баг болон нэг цэгийн үйлчилгээний ажилтны зүгээс үйлчилгээ үзүүлэхдээ баримтлах нийгмийн ажилтны үнэт зүйлс болон ёс зүйн зарчмын төслийг боловсруулна.
- Боловсруулалтын явцад мэргэжил арга зүйн зөвөлгөө авах үүднээс холбогдох мэргэжлийн хүмүүсийг оролцуулан нэгээс доошгүй удаа уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулна.
Дээр дурдсан ажлыг 1 сарын хугацаанд хийж гүйцэтгэнэ.
Зөвлөх нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Боловсрол:
- Хүн ам, гэр бүл, жендэр, нийгэм, хууль эрх зүйн чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй, доктор бол давуу тал болно.
- Хүн ам, жендэр, нийгэм, гэр бүлийн хөгжил, хамгааллын чиглэлээр мэргэшсэн.
Туршлага:
- Нийгмийн ажлын үйлчилгээний арга зүйн мэдлэг, туршлагатай.
- Сургалтын хөтөлбөр, арга зүй боловсруулах туршлагатай.
- Гэр бүл, нийгэм, жендэр, хүчирхийллийн асуудлаар бодлого, хууль, хөтөлбөр боловсруулах ажилд оролцож байсан туршлагатай.
- Гэр бүл, нийгэм, жендэрийн асуудал, хүчирхийллийн талаар судалгаа, шинжилгээ хийж байсан, зөвлөх үйлчилгээ үзүүлж байсан туршлагатай.
- Дээр дурдсан чиглэлээр 5 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай байх;
Хэлний ур чадвар:
- Англи хэлийг мэргэжлийн чиглэлээр хэрэглэх түвшинд эзэмшсэн.
Мэргэжлийн ур чадвар:
- Сургалтын хөтөлбөр, арга зүй, баримт бичиг боловсруулах,
- Баримт бичиг боловсруулахад шаардлагатай судалгаа, дүн шинжилгээ, тооцоог бие даан хийж дүгнэлт гаргах, холбогдох материалыг бүрдүүлэх;
- Уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулах, удирдан чиглүүлэх;
- Компьютерын хэрэглээний програмууд дээр чөлөөтэй ажиллах;
- Богино хугацаанд ачаалалтай, бие даан ажиллах, хувийн зохион байгуулалт сайтай байх;
- Холбогдох салбарт ашиг сонирхлын зөрчилгүй байх.
Сонирхсон этгээд дор дурдсан хаягаар нэмэлт мэдээллийг авч болох бөгөөд мэдүүлэг (сонирхолоо илэрхийлсэн өргөдөл, боловсролын гэрчилгээ, ижил төрлийн ажлын туршлагын талаарх мэдээлэл)-ээ 2019 оны 09 дүгээр сарын 10-ний өдрийн 17:30 цагаас өмнө ирүүлнэ үү.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам,
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Нэгдсэн Үндэстний гудамж-5,
Засгийн газрын II байр,
Харилцах утас: 51-261415.