Н.Номтойбаяр сайд МҮЭХ-ны тайван жагсаалд оролцлоо

Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр Сүхбаатарын талбайд “Эрх ашгаа хамгаалъя” уриатай тайван жагсаал зохион байгуулсан юм. Уг жагсаалд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр урьд нь амласан ёсоор оролцож, Үйлдвэрчний эвлэлийн гишүүд, хөдөлмөрчдийн саналыг сонслоо.

Жагсаалын үеэр, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо иргэд, гишүүдийнхээ өмнөөс тэтгэврийн насны нэмэгдэл, нийгмийн даатгалын шимтгэл болоод татварын нэмэгдлийн талаар санал бодлоо илэрхийлж байсан юм. Тухайлбал, “250 хоног ар гэрээсээ хол хүнд хортой нөхцөлд илүү цагаар ажилладаг”, “Идэж уух нь дутаад ирэхээр эдийн засгаа үүрч яваа ажилчдынхаа халаасыг хоослох боловсон дээрмийг эсэргүүцэж байна”, “Эрчим хүчний салбарын ажилтан бид татвар нэмэхийг эсэргүүцэж байна” “УИХ-аас гаргасан шийдвэрээ буцаахгүй бол бид тэмцлийн хурц хэлбэрийг сонгоно” зэрэг уриа лоозон барьсан иргэд ийнхүү эрх ашгаа хамгааллаа. ХНХ-ын сайд Н.Номтойбаяр жагсагчдаас Засгийн газарт тавьж буй шаардлагыг гардан авсан юм. Мөн тэрээр эрх ашгаа хамгаалах нь зүйтэй алхам гэдгийг тодотгоод санал, хүсэлт, шаардлагаа ажил хэрэгч байдлаар ширээний хоёр талд сууж хамтдаа шийдвэрлэхийг урьсан юм.

Тэрээр “Монголын Үйлдвэрчний эвлэлээс зохион байгуулж байгаа жагсаал цуглаан дээр хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарыг хариуцаж байгаа хүнийхээ хувьд та бүхний санал бодлыг сонсохоор ирлээ. Та бүгдийн тавьж байгаа шаардлагыг шийдэх нь Засгийн газрын үүрэг юм. Өнөөдөр та бүхэн хэд хэдэн асуудлаар шаардлага тавьсан. Энэ бүгдийг шийдэх арга зам байгаа шүү. Та бүхний тавьж байгаа шаардлагыг Засгийн газар болон Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам үүрч байгаа учраас өнөөдөр та бүхнийг хүндэтгэн хүрэлцэн ирлээ. Цалин, тэтгэвэр тэтгэмж амьдралд хүрэлцэхгүй хэцүү байгааг би мэдэж байна. Тэр ч үүднээс тэтгэвэр, цалингийн зээл авагчдад 60 орчим хувь нь хамрагдаж байна. Хуримтлал хадгаламж гэдэг үг мөрөөдөл болсон нь үнэн. Хоёрдугаарт тэтгэврийн насыг шатлалтай нэмэх зайлшгүй шаардлага гарсан. Энэ бүхнийг хувь хүнд өгөөжтэй байх үүднээс эдийн засгийн арга замаар энэ намрын чуулганаар шийдье гэж байгаа юм. Хуульд заасан тэтгэврийн нас, түүнээс хойш тэтгэврээ тогтоолгоход өндөр хувиар тогтоогддог байх, хийж байсан ажил мэргэжлээс нь шалтгаалж тогтоодог байх, хөдөлгөөнт хөдөлмөр эрхэлж байсан оффисын ажил эрхэлж байсан хүмүүсийн тэтгэврийг заагтай тогтоодог байх ажлуудыг хийхээр ажиллаж байна. Засгийн газар байгуулагдсанаас хойш 56 орчим тэрбум төгрөгийн тэтгэвэр, даатгалтай холбоотой өрийг илрүүлсэн” гэж хэлж байлаа.

МҮЭХ-ны салбаруудын төлөөллөөс бүрдсэн удирдлагуудыг 5 дугаар сарын 3-ны өглөө Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд хүлээн авч уулзана.

Дээш