Тиж Буннаг: Энэхүү конгресс нийгмийн хөгжлийн гадна хэнийг ч үлдээхгүй байх зорилгын дор биднийг нэгтгэдэг
Хөгжлийн бэрхшээлийэ иргэдийг хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх Ази, Номхон далайн бүсийн IV конгрессын нээлтэд Ази, Номхон далайн бүс нутгийн Хөгжлийн бэрхшээлийн асуудлаарх хөгжлийн төвийн захирал Тиж Буннаг Конгрессыг зохион байгуулах олон улсын хорооны өмнөөс мэндчилгээ дэвшүүлж үг хэлсэн.Ноён Тиж Буннаг “Энэ үйл ажиллагаанд оролцохоор дэлхийн өнцөг булан бүрээс цугларчээ. Энэ түүхэн, үзэсгэлэнт хотод эдгээр өдрүүдийг үр ашигтай өнгөрүүлэх хугацаандаа салбарын асуудлыг мэргэжлийн түвшинд хүргэх, түүний агуулга, логистикийг хангах асар их үүрэг хариуцлага бидний өмнө тавигдаж байна.
Та бүхний дийлэнх нь энэ Конгресст оролцохын тулд хол замыг туулж зорин ирсэнд туйлын талархалтай байна. Конгрессыг зохион байгуулахад ихээхэн хувь нэмэр оруулсан Монгол Улсын Засгийн газар болон Азий, Номхон далайн бүсийн хамт олонд талархал илэрхийлье.
Өнөөдөр бид дөрөв дэх удаагийнхаа Конгресст оролцож, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн стратегийг хэлэлцэх, хамт олны дунд чадавхижуулах, Хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх хөтөлбөрийг тогтвортой хэрэгжүүлэх үйл явцыг бий болгох, түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чадварыг дээшлүүлж, нийгэмд идэвхтэй хувь нэмрээ оруулагч болоход чиглэсэн сайн загварууд, туршлагаа солилцохоор цуглаад байна. Энэхүү Конгресс нь ирээдүйн хүртээмжит нийгмийг цогцлоон хөгжүүлэх, нийгмийн хөгжлийн гадна хэнийг ч үлдээхгүй байх зорилгын дор биднийг нэгтгэдэг юм” гээд Конгресст оролцогчид шинэ санал санаачилга, туршлага, ур чадвар, арга замуудыг олж эзэмшин, харилцаа холбоо хамтын ажиллагаагаа бэхжүүлж, өөрийн улс орон, байгууллагын хөгжилд хувь нэмрээ оруулах боломжийг бүрдүүлнэ гэдэгт итгэж буйгаа илэрхийллээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 1978 онд “2000 он гэхэд бүх нийтээрээ эрүүл байх” Алма-Атыгийн тунхаглалыг гаргасан бөгөөд нарийн мэргэжлийн эмнэлгийн сэргээн засах тусламж, үйлчилгээ хязгаарлагдмал байгааг харгалзан хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн амьдралын чанарыг хамт олны санаачлагаар дамжуулан сайжруулахад чиглэсэн Хамт олонд түшиглэн сэргээн засах хандлагын талаар танилцуулсан юм. Үүнээс хойш 30 гаруй жил дэлхийн 90 гаруй оронд Хамт олонд түшиглэн сэргээн засах хандлагыг хэрэгжүүлж байна.
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцийг хэрэгжүүлэх арга зам нь Хамт олонд түшиглэн сэргээн засах хандлага гэдгийг НҮБ-аас цохон тэмдэглэсэн бөгөөд Монгол Улс НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцийг соёрхон баталсан орны хувьд олон улсын өмнө хүлээсэн үүргээ амжилттай хэрэгжүүлж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах, оролцоог дэмжих, хамгааллыг сайжруулах хүрээнд бодлого, эрх зүйн орчноо сайжруулах, төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх олон арга хэмжээг авч байгаа юм.
Ази, Номхон далайн бүсийн орнуудын Хамт олонд түшиглэн сэргээн засах сүлжээ болон Ази, Номхон далайн бүсийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төв улс орнуудын Засгийн газар, олон улсын байгууллагуудтай хамтран Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамт олонд түшиглэн сэргээн засах конгрессыг дөрвөн жил тутам зохион байгуулдаг. Анхдугаар хурал 2008 онд “Хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлье” уриатайгаар Тайланд улсад болж 53 орны 650 гаруй төлөөлөл оролцсон бол хоёрдугаар хурлыг 2011 онд Филиппин улсад "Хүн бүрийг хамт олонтой болгоно" сэдвийн дор зохион байгуулахад 32 орны 550 гаруй хүн оролцжээ. Гуравдугаар хурал Японы Токио хотноо 2015 онд "Ядуурлыг бууруулж, хамт олонд хамруулан хөгжүүлэх ба тогтвортой хөгжлийн зорилтууд" сэдвийн дор болж 500 гаруй төлөөлөгч хуран чуулсан байна.