Ажлын байранд тоосны өртөлтийг зохицуулах багц 4 стандарт батлууллаа
Ажлын байрны тоосны өртөлтөөс ажилтнуудыг хамгаалах, тоосоор үүсгэгддэг мэргэжлээс шалтгаалсан өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилго бүхий багц 4 стандартыг Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн дэмжлэгтэйгээр АШУҮИС-ийн НЭМС-ийн Хөдөлмөр, Орчны Эрүүл Мэндийн Институтийн захирал, Анагаах ухааны доктор (PhD) Д.Нарансүхээр ахлуулсан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын төлөөлөл оролцсон баг боловсруулж, үндэсний стандарт болгон батлууллаа.
Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагууд MNS 4990:2015 стандартаар тогтоосон ажлын байрны агаар дахь тоосны зөвшөөрөгдөх дээд хэмжээг мөрдөж байгаа. Ажлын байранд тоосны өртөлт зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд түүнийг бууруулах арга хэмжээг зохион байгуулахад тавигдах арга хэмжээг тодорхойлсон стандарт өнөөг хүртэл байгаагүй юм.
Эдгээр багц стандартаар ажлын байранд эрдсийн тоосны эрсдэл, өртөлтийн зэргийг тогтоож, ажилтны эрүүл мэндийг тоосны шалтгаант өвчлөлөөс хамгаалах үйл ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэхэд тавигдах шаардлага, амьсгал хамгаалах хэрэгслийн сонголт, хэрэглээнд тавигдах ерөнхий шаардлага зэрэг хэм хэмжээг олон улсын жишигт нийцүүлэн тогтоож өгснөөс гадна ажлын байрны агаараас тоосны сорьц хэрхэн цуглуулах, шинжлэх аргыг тодорхой болгож өгснөөрөө ихээхэн ач холбогдолтой юм