С.Мөнгөнчимэг: Улс орнуудтай нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байна
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэгтэй ярилцлаа.
-Сүүлийн үед залуучууд гадаадад гарч ажиллах сонирхол давамгайлаад байгаа. Манай улсын хувьд гадаадад хөдөлмөр эрхлэх асуудлын талаар ямар эрх зүйн зохицуулалт хийж байна вэ?
Хоёр орны засгийн газар хоорондын гэрээний дагуу ажиллах хүч гаргах харилцаа нь "Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай” хуулийн хүрээнд зохицуулагддаг. 2001 онд бие даасан хуультай болж, гадаадад ажиллах хүч зуучлах үйл ажиллагааг хууль эрхзүйн хүрээнд явуулж ирсэн. Өнгөрсөн хугацаанд энэ асуудалд ололт амжилт гарч байгаагийн зэрэгцээ янз бүрийн шалтгаантай зөрчил дутагдалтай тулгарч байна. Иймд манай яамнаас Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн шинэчилсэн найруулга, Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн төслийг боловсруулж байна. Уг хуулийн төсөлд гадаадад ажиллаж амьдарч буй иргэдийг эргэн суурьших боломжийг бүрдүүлэх, тэдгээрийн эрх, хууль ёсны эрх ашгийг хамгаалах, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэхтэй холбоотой зохицуулалтуудыг оруулж байгаа.
Ер нь бол манай улсын иргэд 2 хэлбэрээр гадаадад хөдөлмөр эрхэлж байна. Нэгдүгээрт, хоёр орны засгийн газар хооронд байгуулсан гэрээний дагуу ажиллах хүч, дадлагажигчаар ажиллаж байна. Хоёрдугаарт, хувиараа тухайн оронд очоод хөдөлмөр эрхэлж байна. Салбарын яамны зүгээс иргэдээ аль болох албан журмынх нь дагуу гадаадад хөдөлмөр эрхлүүлэх зорилго тавьдаг. Яагаад гэвэл хоёр орны засгийн газар хоорондын гэрээний дагуу явж буй иргэд маань эрүүл мэнд болон нийгмийн хамгааллын асуудлаа тухайн орны ажиллагсадтай ижил төвшинд шийдүүлэх, эрхээ хамгаалуулах боломжтой болдог. Одоогоор гадаадад ажиллах хүч гаргах гэрээтэй хоёр улс нь БНСУ, Япон. БНСУ-д гэрээт ажилтан, Япон улсад дадлагажигч, гэрээт ажилтан статустайгаар манай иргэд ажиллаж, хөдөлмөрлөж байгаа.
-Сая таны ярианд гэрээт ажилтан, дадлагажигч гэж дурдагдлаа. Ялгааг нь тодотгож өгнө үү. Хүмүүс тэр бүр мэддэггүй байх?
Энгийнээр хэлэхэд дадлагажигч нь тодорхой мэргэжил эзэмшсэн, тухайн мэргэжлээрээ ажилласан туршлагатай, цаашид мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх зорилготойгоор гадаадад очин, тухайн улсын мэргэшсэн мэргэжилтнийг дагалдан, удирдлага дор ажил хөдөлмөр хийхийг хэлнэ.
Дадлагажигч нь тухайн байгууллагын үндсэн ажилтан нь биш, тусгай ур чадвар эзэмших хөтөлбөрийн дагуу ажилладаг учраас цалин хангамж нь арай бага байдаг талтай.
Харин гэрээт ажилтан бол тухайн байгууллагынхаа үндсэн ажилтнаар ажиллаж, тус улсынхаа иргэдтэй адилхан цалин хөлс авч, хөдөлмөрийн, эрүүл мэндийн, нийгмийн даатгалын шимтгэл нь төлөгддөг гэж хэлж болно.
-Дадлагажигч, гэрээт ажилтнаар хэчнээн монгол иргэн гадаадад ажиллаж байгаа тоо баримт бий юу?
-Япон улсын хувьд сүүлийн 5 жилд 1700-аад иргэнийг ур чадварын дадлагажигч ажилтнаар илгээсэн гэсэн тоон судалгаа байдаг. Одоогийн байдлаар Япон улсад дадлагажигч илгээхээр тусгай зөвшөөрлийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас авсан 76 байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр байгууллагууд барилга, оёдол, төмөрлөг, машин засвар, сэлбэгийн үйлдвэрлэл, электроник, хэвлэх үйлдвэр, хуванцар, зам гүүр, хөдөө аж ахуйн чиглэлээр ур чадварын дадлагажигч зуучилж байна.
БНСУ-ын тухайд сүүлийн 5 жилд нийт 5400-д иргэн хөдөлмөрийн гэрээгээр очин ажиллаж байна. БНСУ-руу ажилтан илгээх ажлыг Монгол талаас Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, нөгөө талаас БНСУ-ын Аж үйлдвэрийн хүний нөөцийн хэрэг эрхлэх газар удирдан зохион байгуулж байгаа. Өөрөөр хэлбэл БНСУ-руу ажиллах хүч илгээх ажлыг хувь хүн, аж ахуйн нэгж байгууллага хариуцдаггүй. Зөвхөн хоёр улсын төрийн байгууллага болох дээр хэлсэн хоёр байгууллага хэрэгжүүлж байна гэсэн үг юм.
-БНСУ-д ажиллах хүчин гаргах асуудлаар тодруулж асуумаар байна. Жилдээ нэг удаа бүртгээд, шалгалт аваад байдаг шүү дээ?
-Манай улсад БНСУ-руу ажиллах хүчин гаргах тогтолцоо нь 2003 оноос эхлэн бүрэлдсэн байдаг. Монгол улсын иргэдийг БНСУ-д хөдөлмөр эрхлүүлэх тухайд Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам хоорондын " Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцоо"-ны дагуу ажилтан илгээх болон хүлээн авах Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд зохицуулагдаж байна. БНСУ нь аж үйлдвэрийн салбарт ажиллах ажилтныг манай орноос гадна 13 улсаас авдаг юм билээ. Эдгээр улсад үйлчилдэг ерөнхий зарчим нь манайд адилхан үйлчилдэг гэж хэлж болно. БНСУ-д ажиллах иргэдийн бүртгэлийг жилд нэг удаа зохион байгуулж, бүртгүүлсэн иргэдээс солонгос хэлний түвшин тогтоох шалгалт авдаг. Хэлний шалгалтад тэнцэж, шаардлага хангасан иргэдийг БНСУ хөдөлмөрийн бирж дээрээ нээлттэйгээр байршуулж, аж ахуй нэгж, компаниуд нь тэндээс сонгон, ажиллах урилга өгснөөр ажил эрхлэх визийг БНСУ-ын ЭСЯ-наас олгодог юм.
-Сүүлийн үед Япон улс ажиллах хүч Монгол улсаас авах талаар хуулиндаа өөрчлөлт оруулчихлаа. Энэ талаар яамны зүгээс хийж хэрэгжүүлж байгаа ажлуудын талаар танилцуулна уу?
-Таны асуултанд хариулахаас өмнө Япон улсруу манайх хоёр статусаар ажиллах хүч гаргаж байгаа гэдгийг дахин тодотгож хэлье. Нэгдүгээрт, ур чадвартай дадлагажигч ажилтныг 1998 оноос эхлэн гаргаж эхэлсэн. Хоёрдугаарт, бидний хэлж заншснаар бол гэрээт ажилтан. Япон улс өнгөрсөн онд Гадаадын иргэн харьяатын багц хуулиндаа өөрчлөлт оруулж 9 орноос ур чадвартай ажилтан нэмж авахаар болсны нэг нь манай улс юм.
Энэ хүрээнд манай яам “Ур чадвартай ажиллах хүчний тогтолцооны зохистой ажиллагааны үндсэн хүрээг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны санамж бичиг”-ийг 2019 оны 4 дүгээр сарын 17-нд Япон улсын Хууль зүйн яам, Эрүүл мэнд, хөдөлмөр, халамжийн яам болон холбогдох байгууллагуудтай байгуулсан.
14 салбарт гэрээт ажилтан илгээх, эхний ээлжинд энэ ондоо багтаан хоол үйлдвэрлэл, зочид буудлын үйлчилгээний салбар, асаргаа сувилгааны чиглэл, агаарын тээврийн газрын үйлчилгээ гэх 3 салбарт ажиллах хүчийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар хариуцан гүйцэтгэхээр болж байгаа. Харин мэргэжлийн болон хэлний шаардлага, шалгалтыг Япон тал өөрсдөө хариуцахаар болж байгаа.
-Монголчууд олон оронд ажиллаж амьдарч байгаа. Бусад оронд байгаа хүмүүсийн нийгмийн асуудалд яаж анхаардаг вэ?
-Мэдээж гадаадад ажиллаж амьдарч байгаа иргэдийнхээ нийгмийн баталгааг хангах асуудалд анхаарал хандуулж, тэдний нийгмийн хамгааллыг сайжруулах чиглэлээр улс орнуудтай нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байна.
БНСУ, Польш, Унгар, Турк улстай гэрээ байгуулаад ажиллаж байгаа. Манай улсын иргэд хоёр улсад ажилласан жил, шимтгэл төлсөн хугацаагаа нэгтгэн тооцуулж, хоёр улсаас өндөр насны тэтгэвэр, зарим богино хугацааны тэтгэмж авах боломж бүрдэж байгаа юм.
Мөн Казакстан, Орос, Чех улсуудтай хэлэлцээрийн түвшинд, Япон, Швед улсад санал хүргүүлэн ажиллаж байна. Цаашид ч бид нэн тэргүүнд монголчууд олноор ажиллаж амьдарч байгаа улс орнуудтай нийгмийн хамгааллын хэлэлцээр хийх ажлыг үргэлжлүүлэн ажиллана.