Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл хуралдлаа
Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл өнөөдөр /2019-05-21/ хуралдлаа. Ерөнхий сайдын тэргүүлдэг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийг Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 48 дугаар тогтоолоор 32 гишүүн, дөрвөн дэмжигч гишүүнтэйгээр шинэчлэн байгуулж, дэд тэргүүнээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, ажлын албаны даргаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга ажиллаж байхаар шийдвэрлсэн. Тус зөвлөл нь Хүүхдийн эрхийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу хүүхдийн эрхийг хангах, эрх нь зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгаалал, хөгжлийн талаархи төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд нийгмийн нөөц баялгийг дайчлах, салбар дундын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, холбогдох төрийн байгууллагад чиглэл, хуулийн этгээдэд зөвлөмж өгөх чиг үүрэгтэй юм.
Энэ удаагийн хурлаар Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2018 оны төлөвлөгөөний биелэлт, 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар Үндэсний зөвлөлийн гишүүдэд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг танилцуулж саналыг нь авлаа. Тэрбээр өнгөрсөн оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг 90 хувьтай гэж дүгнэсэн бөгөөд Хүүхдийн төлөө сангийн үйл ажиллагааг сэргээх, хүний эрх, хүүхдийн эрхийн боловсролыг бүх шатны боловсролын сургалтын хөтөлбөрт тусгаж хэрэгжүүлэх, Баянзүрх дүүрэг дэх хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн Сувиллын цэцэрлэг, яслийн 10 дугаар цогцолборын барилгыг ашиглалтад оруулах ажлын хэрэгжилтийг сайжруулж үйл ажиллагааг эрчимжүүлэх, сургуулийн орчин дахь хүүхэд хамгааллын асуудлыг сайжруулах, хүүхэд хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хамтарсан багийн бүрэлдэхүүнд ерөнхий боловсролын сургуулийн захирал, нийгмийн ажилтныг нэмж оруулах ажил хийгдээгүй байна.
Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2018 оны 03 дугаар тогтоолоор батлагдсан “Хүүхэд хамгааллын чиглэлээр баримтлах бодлого, чиглэл”-ийн хэрэгжилтийн Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн дэд тэргүүний хувиар Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга нарт чиглэл хүргүүлж ажилласан. Үүний үр дүнд 10 яам, 83 төрийн байгууллага, 23 аж ахуйн нэгж, 440 сургууль эцэг эхийн зөвлөл байгуулан ажиллаж байна.
2019 оны төлөвлөгөөнд хүүхдийн эрхийг хангаж, гэр бүл төвтэй хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх хүрээнд бодлогын 8, хэрэгжилтийн түвшний 16 ажлыг тусгасныг танилцуулаад хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах чиглэлээр дараах тодорхой ажлуудад анхаарах шаардлагатай байгааг хэлсэн юм. Тухайлбал, хүчирхийлэлд өртсөн хүүхдэд CT, MRI зэрэг өртөг өндөртэй оношлогоо, эмчилгээний зардлыг ЭМД-ын сангаас бүрэн хариуцдаг байх, эмч, эмнэлгийн ажилтны ёс зүйд анхаарч, эрсдэлт нөхцөлд байгаа, хүчирхийллийн хохирогч хүүхдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх ажлыг сайжруулах.
-Иргэд, олон нийтийг соён гэгээрүүлэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг үе шаттай тасралтгүй зохион байгуулж, иргэдийн хяналт, оролцоо, сайн дурын үйл ажиллагааг дэмжиж хамтран ажиллах, эцэг эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлж, хүчирхийлэл үйлдэгчид оноох ялын бодлогыг чангатгах, хариуцлага тооцох механизмыг бүрэн хэрэгжүүлэх шаардлагатай байна.
-Хүүхдийг гэр бүл, түүнтэй дүйцэх орчинд өсгөх талаар НҮБ-ын Хүүхдийн эрхийн хорооны зөвлөмжийн хэрэгжилтийг хангах хүрээнд Хүүхэд асрах хувилбарт үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага стандартын хэрэгжилтийг хангаж ажилласан хүүхдийн асрамж халамжийн төвүүдэд хүүхэд хамгааллын зардлаас бодит дэмжлэг үзүүлж ажиллана.
-Хүүхдийн хөгжил, оролцооны гол байгууллага хүүхдийн зуслангуудын хууль бус хувьчлал, зуслангийн эзэмшлийн газарт хууль бусаар газар олгосон шийдвэрийг эргэж харах. Тухайлбал, Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолбор анх 5220 га газартай байсан ч Нийслэлийн Засаг даргын 2009 оны захирамжаар 1220 га газрыг эзэмших болсон. Гэвч нийслэлийн болон Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын зөвшөөрлөөр эзэмшлийн газрыг хувь иргэнд давхар эзэмшүүлснээр орон сууц, байнгын оршин суугч иргэд нэмэгдсэн нь хүүхдийн хөгжлийн орчны аюулгүй байдалд муугаар нөлөөлж байна.
-Байнгын асаргаатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ гэртээ асарч, хөдөлмөр эрхэлж чадахгүй байгаа эцэг эхчүүдийн дэмжих хүрээнд нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг амьжиргааны баталгаажих доод түвшинд хүргэх, цаашлаад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүргэх бодлогыг хэрэгжүүлж, үе шаттай нэмэгдүүлнэ.
-Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Зөрчлийн тухай, Эрүүгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах саналыг боловсруулж, хэлэлцүүлнэ. УИХ-д өргөн барьсан Гэр бүлийн тухай хуулийг батлуулна. Хүчирхийлэлд өртсөн хүүхдэд үзүүлэх нийгэм – сэтгэл зүйн нөхөн сэргээх шинэ төрлийн үйлчилгээг олон улсын жишгээр бий болгож нэвтрүүлэхэд анхаарч ажиллах юм байна.
С.Чинзориг сайд “Ерөнхийлөгчийн 60 дугаар зарлигийг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газрын хуралдаанаар “2019-2020 оныг Хүүхдийн хөгжил, хамгааллын жил болгон зарлах тухай” тогтоолын төслийг хэлэлцүүлж, жилийн ажлын хэрэгжилтийг хангах Үндэсний хорооны бүрэлдэхүүн, жилийн ажлын төлөвлөгөөг батлуулахаар бэлтгэж байна. Хүүхдийн эрхийн өдөр буюу зургадугаар сарын 1-ний өдөр “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил”-ийн нээлтийг улс даяар хийнэ” хэмээн мэдээлэл өгч Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн нээлтийг тавдугаар сарын 31-нд хийхээр төлөвлөснөө дуулгалаа.