С.Чинзориг: ХАБЭА-н стандартуудыг шинэчлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай

“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний чуулган”-д Хөдөлмөр,   нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригийн тавьсан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” илтгэлийг товчлон хүргэж байна.

...Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх хөтөлбөр хэрэгжүүлж, эрх зүйн орчин, санхүүжилтийн механизмыг оновчтой болгоно” гэсэн зорилт дэвшүүлсэн билээ. 

Хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтны амь нас, эрүүл мэндийг хамгаалах, эрүүл, аюулгүй ажлын байрыг бий болгох зорилгоор манай улс хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хөтөлбөрийг 1997 оноос эхлэн хэрэгжүүлж эхэлсэн ба 5 дахь хөтөлбөрийг Засгийн газрын 2017 оны 243 дугаар тогтоолоор олон улсад хэрэгжүүлж буй Вишн Зеро /Vision zero/ буюу ослыг тэглэх алсын хараа” хөдөлгөөний зорилго, зорилттой нийцүүлэн батлуулж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.  

Үндэсний таван хөтөлбөрийг хэрэгжүүлсэн 22 жилийн хугацаанд ОУХБ-ын Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн 155 дугаар конвенцид 1997 онд нэгдэн орж, 2008 онд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бие даасан хуультай болсон, 2012-2016 онд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн удирдлагын тогтолцооны стандартуудыг үндэсний стандарт болгосон зэрэг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль эрх зүйн тогтолцоонд томоохон ахиц дэвшил гарсан.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бүтэц, тогтолцоо, үндэсний болон салбар, орон нутгийн түвшинд бүрэлдэн төлөвшиж үйл ажиллагаа нь тогтмолжоод байна.

Монгол Улсын хэмжээнд 1986-1990 онд жилд ойролцоогоор 2000 үйлдвэрлэлийн осол бүртгэгдэж байсан. Бүртгэгдсэн үйлдвэрлэлийн ослын тоо 1991 онд 918, 1992 онд 308 болж огцом буурсан бөгөөд 1992 оноос хойш  жилд дунджаар 400-аад осол, гэмтэл бүртгэгджээ.  Сүүлийн 10 жилд үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод 3802 хүн өртөж, 539 хүн нас барсан харамсалтай тоо мэдээ байна. Нийт бүртгэгдсэн ослын  60 орчим хувь нь хүнд болон нас баралтанд хүргэсэн ослууд байгаа нь анхаарал татаж байна.

Иймд үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх,  мэдээлэх тогтолцоонд дүгнэлт хийх, улмаар үйлдвэрлэлийн ослыг нуун дарагдуулах, мэдээлэхгүй, бүртгэгдэхгүй байгаа нөхцөл, байдлыг тодруулан судалгаа, шинжилгээ хийх зайлшгүй шаардлага байна. 

Манай улсын аж ахуйн нэгж, байгууллагын тоо 2014 онд 113.0 мянга байсан бол 2018 онд 33.2 хувиар нэмэгджээ.

Нийт аж ахуйн нэгж байгууллагын 86 хувь нь 1-9 ажиллагчтай байна.  Олон Улсын жишгээр жижиг, дунд үйлдвэрлэл, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн дунд үйлдвэрлэлийн осол гарах магадлал өндөр байхын зэрэгцээ бүртгэгдээгүй осол их байдаг гэж үздэг.  

Манай улсад үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын 3-5 хувь нь 1-9 ажиллагчтай аж ахуйн нэгж байгууллагад бүртгэгдсэн байна.  Иймд аж нэгж байгууллагын дийлэнх хувийг эзэлж байгаа жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ойлголт, мэдлэгийг дээшлүүлж, тэдэн рүү чиглэсэн тусгайлсан арга хэмжээ авч ажиллах шаардлага байгааг харуулж байна.

Мэргэжлээс шалтгаалсан өвчний хяналтанд 2018 оны байдлаар нийт 3143 хүн байгаагийн 2221 буюу 71 хувь нь уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчид байна.  Хяналтад байгаа нийт иргэдийн 20 хувь нь эмэгтэй, 55 хувь нь 50-59 насны иргэд эзэлж байна. Ажилласан жилийн хувьд 11 жилээс дээш ажилласан иргэд илүүтэй өвчилсөн тоо мэдээ байна. 

Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгосон 2943 хүнээс хөдөлмөрийн чадвар 40-49 хувь алдсан 230 хүн, 50-69 хувь алдсан 2090 хүн, 70-аас дээш хувь алдсан 823 хүн байна. Эдгээр иргэдийн 26 хувь нь хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан байна.

Уул уурхай, дэд бүтцийн зэрэг салбарт гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж, үүнийг даган шинэ техник, технологи нэвтэрч байгаа нөхцөлд хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх олон улсын стандартад нийцэхүйц өндөр түвшний лаборатори байгуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартуудыг шинэчлэн олон улсын жишигт хүргэх ажлыг улам эрчимжүүлэх шаардлага байгааг энд цохон тэмдэглэхийг хүсч байна.

2009-2018 онд 439 аж ахуйн нэгж байгууллагын 7650 ажлын байранд хөдөлмөрийн нөхцөлийн хэмжилт, шинжилгээ хийхэд 51.3% нь эрүүл ахуйн стандартын шаардлага хангаагүй гэсэн дүн мэдээ байна. Түүнчлэн манай улс химийн бодисын үйлдвэрлэл хөгжөөгүй, хэрэглээ бага, түүнд тавих хяналт, бүртгэл хангалтгүй байдгаас ажилтнууд хурц хордлогод өртөх тохиолдлууд гарсаар байна.

Энэ нь ажилтнуудыг ажлын байрны эрүүл ахуйн стандарт шаардлага хангаагүй орчинд ажиллуулж, үүний улмаас эрүүл мэнд, бие махбодод сөрөг нөлөөлөл үзүүлж, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчин эмгэгт өртөх нөхцөлийг бүрдүүлж байна гэж дүгнэж болно.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх, ажилтан хүнийг эрүүл,  аюулгүй ажлын  байранд ажиллах  нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр хуулийн хэрэгжилтийн улсын үзлэг, стандартын улсын үзлэг, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян”, “Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага”-ыг шалгаруулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын байгууллагад хяналт-үнэлгээ хийх зэрэг уламжлал болсон арга хэмжээг салбарын болон орон нутгийн түвшинд зохион байгуулж хэвшээд байна. 

Чуулганы эрхэм төлөөлөгчид өө.

Бидэнд шийдвэрлэж, хийж хэрэгжүүлсэн ажлын зэрэгцээ тулгамдсан, хүндрэлтэй, шийдвэрлэвэл зохих дараах асуудлууд байна. Үүнд:

Нэг. Хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр:

1. 2018 оны байдлаар нийгмийн даатгалын сангийн орлого 2,1 их наяд төгрөгт хүрч, үүнээс Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангийн орлого 171,2 тэрбум буюу нийт орлогын 11,6 хувийг эзэлж байна. Нийгмийн даатгалын сангийн 90-95 хувь нь тэтгэвэр, тэтгэмжид зарцуулагдсан байна.

Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас даатгуулагчид олгож буй төлбөр, зардлын 1 хувийг урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааны зардалд зарцуулдаг ба үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, осолдогчийг хуучин ажлын байранд нь эгүүлэн ажиллуулахад эрүүл мэндийн болон мэргэжлийн нөхөн сэргээлт хийх, тэдгээрийн санхүүжүүлтийн эрх зүйн орчин бүрдээгүй байна.

Мөн үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх, сургалтад хамруулах, эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны соёлыг ажил олгогч болон ажилтнуудад төлөвшүүлэх, осолдогчийг бүртгэх, хяналт тавих, хөдөлмөрийн чадвар алдалтыг нөхөн сэргээх, хөдөлмөрийн зах зээлд бэлтгэх, эрсдэлийг хянах, мэдээллийн сан зэрэг асуудлууд нэгдсэн зохицуулалтгүй байна.

Иймээс Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага үүсээд байна.

   Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д энэ намрын чуулганд өргөн мэдүүлнэ. Уг хуулийн төслийг дагалдуулан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд ажил олгогчийн эрх үүрэг, хөдөлмөрийн эрүүл мэндийн нөхөн сэргээлтийг урамшуулал, даатгалын системтэй уялдуулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээний нэгдсэн бүтэц, тогтолцоог бий болгох зэрэг өөрчлөлт оруулах болно.

 2. Сүүлийн жилүүдэд уул уурхай, эрчим хүч, зам тээвэр зэрэг салбаруудаас “Тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт”-д нэмэлт, өөрчлөлт оруулах санал, хүсэлт ирж байна.

Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн шинэчлэлтэй холбогдуулан бид энэхүү жагсаалтад шинээр ажлын байрыг нэмэх биш ажлын байрны орчин нөхцөлөө сайржуулсан ажил олгогчийг урамшуулах, ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийхэд дэмжлэг үзүүлж, уг жагсаалтаас хөдөлмөрийн хүнд нөхцөлийн хэсгийг аажмаар хумих чиглэл барьж ажиллах болно.

3. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хяналтын чиглэл, арга хэлбэрийг шинэчилж, төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус, өргөдөл гомдолд үндэслэсэн гэнэтийн хяналт шалгалтыг зөв зохистой хослуулах хяналт шалгалтын хэлбэрээ өөрчлөх шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Иймд Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын “Аж үйлдвэр, худалдаан дахь хөдөлмөрийн хяналтын тухай 81”, “Хөдөө аж ахуй дахь хөдөлмөрийн хяналтын тухай 129”, “Барилгын салбар дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай 167” зэрэг конвенциудад Монгол Улс нэгдэх асуудлыг холбогдох байгууллагууд хамтран судалж шийдвэрлэх шаардлагатай байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, стандарт шаардлагыг хангаагүй аж ахуйн нэгж байгууллагад ногдуулах хариуцлагыг нэмэгдүүлэх талаар “Зөрчлийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага ч бас тулгараад байна.

Хоёр. Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх, оношлох, нөхөн сэргээх, ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах чиглэлээр:

1. Аймаг, нийслэл, дүүрэг, зарим сумын эмнэлгүүд нь мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд өвчтөнд анхан шатны үзлэг хийх, оношлох, мэдээллийн сан бүрдүүлэх, орон нутгийн эрүүл мэндийн төвүүдэд Мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдсан иргэдэд зориулсан нөхөн сэргээх кабинет ажиллуулах ажлыг эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагатай хамтран зохион байгуулах зүй ёсны шаардлага тавигдаж байна.

2. Мэргэжлээс шалтгаалсан өвчин оношлогдсон иргэний эрүүл мэндийн нөхөн сэргээлтийн чанарыг сайжруулах, хөдөлмөрийн чадварыг сэргээж эргээд ажилтай, орлоготой болгоход мэргэжлээс шалтгаалсан өвчнийг оношлох, эмчлэх, ажилтнуудын хөдөлмөрийн чадвар алдалтыг нөхөн сэргээх, сувилах чиг үүрэг бүхий мэргэжлээс шалтгаалсан өвчин судлалын эмнэлгийн барилга шинээр барих санхүүжилтийг ирэх оны улсын төсөвт суулгаж шийдвэрлүүлэх хэрэгтэй байна.

3. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хуулийн үзлэгийг хөнгөн үйлдвэрийн салбарт 2018 онд мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтран зохион байгуулсан ба хуулийн хэрэгжилт 50 гаруй хувьтай дүгнэгдсэн. Энэ салбарт ажиллагчдын 70 гаруй хувь нь жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид байна. Иймд эдгээр иргэдэд үйлдвэрлэлийн осол, хурц хордлогоос урьдчилан сэргийлэх чиглэлээр орон нутгийн засаг захиргаа, хүнс хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, мэргэжлийн холбоод, нийгмийн түншлэлийн байгууллагууд онцгой анхаарч ажиллах хэрэгтэй байна.

Гурав. Сургалт, судалгаа, статистик, мэдээллийг хөгжүүлэх чиглэлээр:

1. Манай улсад Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтэн бэлтгэх, сургагч багш бэлтгэх тогтолцоо хангалтгүй байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт зохион байгуулах үндэсний хэмжээний тогтолцоо бий болгох,  сургалт зохион байгуулах хүний нөөц бүрдүүлэх, чадавхжуулах хэрэгцээ чухлаар тавигдаж байна. Иймд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэшсэн ажилтны сургалтын ахисан түвшний шаттай модуль хөтөлбөр, сургагч багшийн модуль хөтөлбөрийг энэ онд боловсруулахаар ажлын хэсэг ажиллаж байна. 

2. Мэргэжлээс шалтгаалсан өвчний мэдээллийг “Эрүүл мэндийн статистик бүртгэл”-д оруулах, химийн бодисын хэрэглээг хянах, хурц хордлогоос урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны хүрээнд ажлын байранд ашиглахыг зөвшөөрсөн “Химийн хорт бодисын хор аюулыг лавлан мэдээлэх хуудас /MSDS/-ны цахим мэдээллийн сан”-г бий болгох, аж ахуйн нэгж байгууллага осолд дөхсөн тохиолдол бүрийг судлан бүртгэж байх зэрэг зохицуулалтыг холбогдох байгууллагуудтай хамтран хийж хэрэгжүүлэх шаардлагатай байна. 

3. Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх, ажлын байрны нөхцлийг сайжруулах зэрэг гол асуудлаар бодлого боловсруулахад үндэслэл болохуйц даацтай судалгаа, шинжилгээний ажил үгүйлэгдэж байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бодлогыг шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаагүйгээр боловсруулж хэрэгжүүлэх боломжгүй юм. Тиймээс хөдөлмөрийн харилцааны статистик мэдээлэл, судалгааг сайжруулах талаар тодорхой алхам хийх хэрэгтэй. Энэ хүрээнд ажлын байрны нөхцөлийн түүвэр судалгаа, үйлдвэрлэлийн осол, гэмтэл, мэргэжлээс шалтгаалсан өвчлөлийн улмаас учрах нийгэм, эдийн засгийн нөлөөллийн судалгаа хийх ажлыг эхлүүлээд байна. 

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний чуулганы өмнө тавигдаж байгаа зорилт бол үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний нөхцөл байдалд дүгнэлт хийх, хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, хяналтын тогтолцооог сайжруулах, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх ажиллагчдын ойлголт, мэдлэг, чадварыг нэмэгдүүлэх, аюул ослоос урьдчилан сэргийлэх талаар санал бодлоо чөлөөтэй солилцож, чуулганаас гарах шийдвэрт Та бүхэн тодорхой бодитой, хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна.

Дээш