Залуучуудын хөгжлийн үндэсний хөтөлбөрийг баталлаа
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар УИХ-аар 2017 онд батлагдаж, 2018 оноос хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд Залуучуудын хөгжлийн үндэсний хөтөлбөр, хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулсныг хэлэлцэж баталлаа.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг Засгийн газрын хуралдаанд хийсэн танилцуулгадаа “Монгол Улсын “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, “Төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлого (2016-2025)”, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг баримт бичгүүдэд залуучуудын эрх, хөгжил, хамгаалал, оролцоог дэмжих асуудлыг тусгасан байдаг.
Нийт хүн амын 33.7 хувийг, хөдөлмөрийн насны хүн амын 46.5 хувийг бүрдүүлж буй залуучууд хөдөлмөрийн насанд шилжсэнээр эдийн засгийн өсөлтөд мөн нөлөөлөхүйц хэмжээний хүн ам зүйн орон зай үүсгэх юм.
Манай улс залуучуудын хөгжлийн индексээр 2016 оны байдлаар дэлхийн 183 орноос 71 дүгээр байрт эрэмбэлэгдсэн бөгөөд залуучуудын эрүүл мэндийн байдал, эзэмшсэн мэргэжил, олж авсан мэдлэгээ баяжуулан эрхэлж буй ажилдаа хэрэглэх, тогтвортой хөдөлмөр эрхлэх асуудал хангалтгүй байгаа нь энэхүү үзүүлэлтэд нөлөөлж буй юм. Үүнээс гадна залуучуудын идэвх оролцоо ч чухал нөлөөтэй. Залуучуудын өмнө тулгамдсан асуудлуудыг цогцоор нь шийдвэрлэх хүрээнд Залуучуудын хөгжлийн үндэсний хөтөлбөр, хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсрууллаа.
Хөтөлбөрийн зорилго нь залуучуудыг нийгэм, улс төр, эдийн засаг, соёлын амьдралд идэвхтэй оролцож, хөгжилд бодитой хувь нэмэр оруулах таатай орчинг бүрдүүлэх замаар өөрийн, гэр бүлийн болон нийгмийн өмнө хүлээх хариуцлага, хуулиар олгогдсон эрх, үүргээ ухамсарладаг өрсөлдөх чадвартай иргэн болоход дэмжлэг үзүүлэхэд орших бөгөөд хөтөлбөрийн зорилгыг хэрэгжүүлэхийн тулд залуучуудад эрүүл амьдрах зан үйлийг төлөвшүүлж, тэдэнд ээлтэй эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх; боловсролын чанарт анхаарч, залуучуудын өрсөлдөх чадварыг сайжруулах; залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих; нийгмийн амьдралд залуучуудын оролцоог сайжруулах; залуучуудад нийгмийн дэмжлэг үзүүлэх зэрэг зорилтуудыг дэвшүүлж байгаа болно” хэмээсэн.
Үндэсний хөтөлбөрийг Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуульд заасан 5 чиглэлтэй уялдуулан 2022 он хүртэл хэрэгжүүлэх 15 шалгуур үзүүлэлттэйгээр боловсруулжээ. Тодруулбал:
-Залуучуудад эх оронч үзэл, эрүүл амьдрах зан үйлийг төлөвшүүлж, тэдэнд ээлтэй эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд 17;
-Бүх шатны сургалтын чанарыг сайжруулж, залуучуудын насан туршдаа суралцахуйг дэмжихэд 15;
-Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжихэд 20;
-Тогтвортой хөгжилд залуучуудын оролцоог нэмэгдүүлэхэд 10;
-Залуучуудад ээлтэй, аюулгүй амьдарч, хөгжих орчныг бүрдүүлэхэд 9, нийт 71 үйл ажиллагааг тусгасан байна.