С.Чинзориг:Япон улстай хөдөлмөрийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх өргөн боломж байна

Япон улсад албан томилолтоор ажиллаж байгаа УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг өчигдөр /2019-04-18/ хэд хэдэн албан уулзалт хийлээ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв байгуулахыг дэмжинэ

  Эхний уулзалтыг Эрүүл мэнд, хөдөлмөр, халамжийн дэд сайд хатагтай Эмико Такагатай хийсэн бөгөөд энэ үеэр Япон улстай байгуулсан “Ур чадвартай ажиллах хүчний тогтолцооны зохистой ажиллагааны үндсэн хүрээг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны санамж бичиг”-ийн хэрэгжилт болон хоёр улсын харилцаа хамтын ажиллагааг хариуцсан салбартаа өргөжүүлэн хөгжүүлэх боломжийн талаар ярилцаж санал бодлоо солилцсон юм.

С.Чинзориг сайд Япон улстай хөдөлмөрийн салбарт хамтын ажиллагаа өргөжүүлэх өргөн боломж байгааг онцлоод хамтын ажиллагааны тодорхой саналуудыг тавьсан. Тухайлбал, Японы Эрүүл мэнд, хөдөлмөр, халамжийн яам Монголын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хооронд жил бүр төрийн албан хаагчдын нийгмийн хамгаалал, цалин хөлс, өндөр настан халамжлах, сувилах зэрэг тодорхой сэдвийн хүрээнд зөвлөлдөх уулзалт хийж, туршлага солилцох арга хэмжээг ээлж дараатай зохион байгуулж хэвшил болгох, Японд ажиллаж, амьдарч байгаа монгол иргэдийн ажиллах орчин, нийгмийн халамжийн чиглэлээр хэлэлцээр хийх хүсэлтэй байгааг судлан дэмжин ажиллахыг хүссэн. Тэрбээр мөн Дэлхийн ур чадварын тэмцээнд оролцох Монголын багийг дэмжин, Японд сургалтанд хамруулж бэлтгэл дадлага хийх тал дээр дэмжлэг үзүүлж хамтран ажиллах санал  тавив.

Хатагтай Эмико Такага Дэлхийн ур чадварын тэмцээнийг 2023 онд Япон улсад зохион байгуулахыг Монгол Улс дэмжиж буйд талархал илэрхийлээд С.Чинзориг сайдын тавьсан хамтын ажиллагааны саналуудыг нэн даруй судалж бүхий л талаар дэмжиж ажиллах болно хэмээсэн. Тэрбээр “Ажиллах хүчний солилцоонд хүн хоорондын харилцаа чухал нөлөөтэй бөгөөд үүний тулд Японы хэл соёл, амьдралын хэв маяг, ёс заншил зэргийг сайтар судлах шаардлагатай болно. Тиймээс таны ярьсан Японд ажиллаж буй монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах, хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцааны чиглэлээр зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах, хөдөлмөрийн гэрээний биелэлтэд хяналт тавих, нийгмийн хамгааллын асуудлыг хариуцан, төрийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэх үүрэг бүхий   байна” гэлээ. Түүнчлэн өмнө нь жүдогийн сэргээн засах, сувилахуйн түвшинд хамтран ажиллаж байсан туршлага дээрээ түшиглэн цаашид энэ чиглэлд хамтран ажиллах боломхж бий гэдгийг ч хэлж байлаа.

Дадлагажигч илгээх ажлыг олон жил амжилттай хэрэгжүүлсэн JITCO-д талархал илэрхийлэв

С.Чинзориг сайд JITCO буюу Олон улсын сургалтын хамтын ажиллагааны байгууллагын ерөнхийлөгч К.Сүзүкиг хүлээж авч уулзлаа. Уулзалтын эхэнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг Япон улсад дадлагажигч ажилтан илгээх тал дээр олон жилийн хамтын ажиллагаатай JITCO байгууллага Монгол Улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буйг тэмдэглээд тус байгууллагын ерөнхийлөгчид тусгайлан талархал илэрхийллээ.

Ноён Т.Сүзүки Япон улс Тусгай ур чадвартай ажилчдын тогтолцооны тухай хуульдаа өөрчлөлт оруулж энэ сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэнтэй холбоотойгоор хоёр улсын хооронд “Ур чадвартай ажиллах хүчний тогтолцооны зохистой ажиллагааны үндсэн хүрээг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны санамж бичиг” байгуулсныг сайшааж, амжилттай хэрэгжүүлэхэд өөрийн талаас боломжтой бүхий л хэлбэрээр  дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Япон улс ажиллах хүчний дутагдалтай болж буй энэ цаг үед ур чадвартай ажилтанг шууд ажиллуулах тогтолцоо чухал үр дүнтэй бөгөөд өмнөх ур чадварын дадлагажигчийн тогтолцоотой хамааралтай хэрэгжинэ гэдгийг Т.Сүзүки ерөнхийлөгч онцлон дурдаж байлаа. Тодруулбал, дадлагажигчаар ажиллах гурван жилийн хугацаа дуусахад ажиллуулж байгаа газрын санаачилгаар хугацааг сунган оршин суух визэнд хамруулах боломжтой болох аж. 2018 оны байдлаар 1154 монгол иргэн Япон улсад ажиллаж байгаа бөгөөд шинээр байгуулсан Хамтын ажиллагааны санамж бичгийн дагуу энэ тоо үлэмж хэмжээгээр өснө гэдэгт итгэлтэй байгаагаа мөн хэлсэн. 

Ур чадварын дадлагажигчийн асуудлаар техникийн зөвлөгөөн хийлээ

Ур чадвартай ажилтан илгээхтэй холбоотой уулзалтуудын нэг Ур чадварын дадлагажигчийн хөтөлбөрийг хариуцан хэрэгжүүлэгч OTIT байгууллагад болсон юм. Ур чадвартай дадлагажигчийн асуудлаар Монгол-Япон  хоёр талын техникийн зөвлөлдөх уулзалтаар Японы хөдөлмөрийн стандарт, хөдөлмөр хамгаалал, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг хөдөлмөр эрхлэлтэд адил тэгш хандахтай холбоотойгоор хууль тогтоомжийн хүрэээнд Монгол Улсаас ирж буй дадлагажигчдын эрхийг хамгаалах асуудлыг баталгаажуулах талаар ярилцлаа. Техникийн зөвлөлдөх уулзалтаас хэлэлцсэн асуудлуудаар протокол гаргахаар тогтсон бөгөөд жирэмслэх, хүүхэд төрүүлэх зэрэг шалтгааны улмаас ажлын байргүй болохоос сэргийлэх, илгээгч, хүлээн авагч байгууллагуудын хооронд хийж буй гэрээнд дадлагажигчийг дээрх шалтгааны улмаас буцаахтай холбоотой заалт оруулахгүй байхыг зааж үүнийг хэрэгжүүлэхийг зөвлөмж болгохоор тогтлоо.

Дээш