С.Чинзориг: Багшийн хөдөлмөрийг бодитой үнэлж, цалин хөлсний шинэ тогтолцоог нэвтрүүлж эхэлсэн

 Монголын багш нарын VII их хуралд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригийн тавьсан “Багшийн хөдөлмөрийн үнэлэмж, цалин хөлсний талаарх бодлого” илтгэлийг хүргэж байна.

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт хөдөлмөр, нийгмийн хамгаалал, мэргэжлийн боловсролын талаар олон зорилт туссаныг манай яам амжилттай хэрэгжүүлж байна. Эдгээр зорилтоос багшийн хөдөлмөр, цалин хөлсний нэмэгдэл, мэргэжлийн боловсролын бодлого, шийдэл, цаашдын чиг хандлагын талаар товч мэдээлэл хүргэе.

НЭГ: Багшийн хөдөлмөрийн үнэлэмж өндөр байх ёстой

Монгол Улсын Засгийн газар 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө төрийн албан хаагчдын цалин хөлсний тогтолцоонд шинэчлэл хийх, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг үе шаттай нэмэгдүүлэх зорилт дэвшүүлсэн билээ. Энэхүү бодлогын зорилтыг хэрэгжүүлж, багшийн хөдөлмөрийн үнэлэмжийг бодитой болгож, үр дүн, бүтээмжид суурилсан цалин хөлсний шинэ тогтолцоог нэвтрүүлж эхэлсэн.

Манай Засгийн газар эдийн засгийг богино хугацаанд сэргээж, өсөлтийн үр шимийг иргэдэд тэгш шударга хүртээх бодлого баримталж байна. Алсыг харсан, санхүүгийн хүндрэлийг амжилттай даван туулах бодлого явуулсаны үр дүнд эдийн засагт нааштай олон үзүүлэлт бий боллоо. Үүний үр дүнд Засгийн газар нэг жил гаруй хугацаанд ажиллахдаа 2014 оноос хойш нэмээгүй байсан төрийн албан хаагчдын цалинг хоёр удаа бодитой нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа. Энэ хоёр удаагийн арга хэмжээний үр дүнд төрийн албан хаагчдын цалинг 16.6 хувиар, ерөнхий боловсролын сургуулийн багш нарын үндсэн цалинг 30.0 орчим хувиар, цэцэрлэгийн багш нарын үндсэн цалинг 40.0 орчим хувиар тус тус нэмэгдүүллээ.

Улсын төсвөөс 2019 онд цалин нэмэгдүүлэхэд нэмж зарцуулах нийт хөрөнгийн 35.0 хувийг сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол эзэмшүүлэх сургалтын төрийн үйлчилгээний байгууллагын багш, ажилтнуудын цалинд зарцуулна.

Манай Засгийн газар төрийн албан хаагчдын цалингийн тогтолцоог шинэчлэх бодлогоо боловсрол, эрүүл мэндийн салбараас эхлүүлж, багш эмчийн хөдөлмөрийн үнэлэмж, үнэ цэнийг бодитой, шударга тогтоох зарчмыг баримтлан ажиллаж байна.

Бид цалин урамшууллыг нэмэхээс гадны багш нарын ажлын байранд үнэлгээ хийж, албан тушаалын ангилал зэрэглэлийг ахиулан шинэчилж,  орлогыг өсгөх бодлого явууллаа.

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан “Багш, эмч, эмнэлгийн ажилтнуудын  ажлын ачаалал, ур чадвар, мэргэшил, ажлын үр дүн, ажилласан жил зэргээс хамаарсан цалин хөлс, урамшууллын тогтолцоог бий болгох”  зорилтын хүрээнд Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын хөдөлмөрийн байгууллагын “Тэгш шан хөлс олгох тухай” 100 дугаар конвенцийн гол зарчим болох ижил хөдөлмөрт адил цалин хөлс олгох зарчмыг баримтлан 2017-2018 онд ажлын байранд үнэлгээ хийсний үндсэн дээр цалингийн тогтолцоог шинэчлэх арга хэмжээг эхлүүллээ.

 Хөдөлмөр, нийгмийн хамгаалал яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, төв орон нутгийн боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, төрийн бус байгууллага, Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн байгууллага, тэдгээрийн төлөөлөлтэй хамтран анх удаагаа сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол эзэмшүүлэх сургалт, мэргэжил олгох сургалтын төрийн үйлчилгээний байгууллагуудад мэргэшлийн ур чадвар, ажлын ачаалал, хариуцлага, хөдөлмөрийн нөхцөл зэрэг хүчин зүйлүүдээс хамаарсан ажлын байрны үнэлгээг хийх ажлыг зохион байгуулсан.

  Ажлын байрны үнэлгээг олон улсын түвшинд хэрэглэж буй арга зүй, хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн хөдөлмөрийн болон боловсролын салбарын бүх түвшний мэргэжилтнүүд оролцон боловсрууллаа. Үнэлгээнд 13 аймаг, нийслэлийн 8 дүүргийн багш, ажилтнууд оролцсон.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа төв, орон нутгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, политехник коллежүүдэд зохион байгуулсан ажлын байрны үнэлгээнд 1500 багш, ажилтан буюу нийт ажиллагсдын 75 хувь нь хамрагдсан.  Энэ танхимд хуран цугларсан төлөөлөгчдийн дунд ч энэхүү ажлын байрны үнэлгээнд оролцсон багш нар олон байгаа гэж бодож байна.

Ажлын байрны үнэлгээтэй хамтатган боловсролын салбарын ажил, мэргэжлийн ангилал, тодорхойлолтыг шинэчиллээ.

Манай Засгийн газраас боловсролын салбарт хийсэн ажлын байрны үнэлгээг үндэслэн 2018 оны “Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” 263 дугаар тогтоол, 2019 оны “Төрийн үйлчилгээний зарим албан тушаалын зэрэглэлийг шинэчлэх тухай” 25 дугаар тогтоолоор сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол эзэмшүүлэх болон мэргэжлийн боловсрол олгох сургалтын төрийн үйлчилгээний албан тушаалын зэрэглэлийг шинэчлэн тогтоолоо. Багш нарын албан тушаалын зэрэглэлийг өмнөх түвшнээс 1-3 зэрэглэл ахиулснаар, цалин хөлс нь тодорхой хэмжээгээр нэмэгдэж, ажлын байрны үнэлгээ бодитой, үр дүнтэй арга хэмжээ болсныг харуулж байна.

            2018-2019 онд төрийн үйлчилгээний 74.4 мянган албан хаагчийн албан тушаалын ангилал зэрэглэлийг шинэчлэн тогтоолоо.   

Дүгнэж хэлбэл, цалинг нэмэх, урамшуулал олгох, ангилал зэрэглэлийг ахиулах гэсэн гурван арга замаар та бүхний цалин орлогыг бодитой өсгөсөн. Эдгээр дэс дараатай арга хэмжээний үр дүнд төрийн албан хаагчийн сарын дундаж цалин хөлс 2019 онд 916.0 мянган төгрөгт хүрч, 2014 оны түвшнээс 27.4 хувийн өсөлттэй байна. Ийнхүү Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өсөлтийн үр шимийг төрийн үйлчилгээний албан хаагчид чиглүүлснээр тэдний амьдрал ахуйг дэмжсэн, үр дүнтэй арга хэмжээ болсон.  Манай Засгийн газар ирэх онд ч багш нарынхаа цалин хөлсийг нэмэгдүүлэх болно гэдгээ та бүхэндээ дуулгахад таатай байна.

Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2019 оноос мөрдөж эхлэхтэй холбогдуулан төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчийн нэмэгдэл, нэмэгдэл хөлсний талаар 1995-2013 оны хооронд Засгийн газрын 13 удаагийн тогтоолоор баталсан нийт 16 журмыг шинэчиллээ.

 

Ялангуяа төрийн үйлчилгээний албан хаагчийн цалин хөлсийг нэмэгдүүлэх бодлого чиглэлийн хүрээнд төрийн үйлчилгээний албан хаагчийн төрд ажилласан хугацааны нэмэгдлээ 2020 оноос эхлэн шинээр авах боломжийг бүрдүүллээ. Мөн төрийн үйлчилгээний албан хаагчид төрийн жинхэнэ албан хаагчтай адил нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгоход олгох нэг удаагийн буцалтгүй тусламж олгох хууль эрхзүйн зохицуулалтыг бий болгов.

Ингэснээр Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албаны тогтвортой, мэргэшсэн байх зарчим хангагдах нөхцөл бүрдэж байна.

Багш нарын ажлын үнэлгээг боловсронгуй болгох, үр дүнтэй нь уялдуулах, ажлын байрны зохистой стандартыг боловсруулж мөрдүүлэх, хөдөлмөрийн нөхцлийг сайжруулах, хөдөлмөрийн нөхцлийн үнэлгээг хийх, үр дүнгийн урамшууллын журмыг захиргааны болон санхүүгийн аливаа хүндрэл бэрхшээлгүйгээр шийдвэрлэхэд анхаарч ажиллах хэрэгтэй байна.

Багшийн хөдөлмөрт хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ судалгаа хийж Засгийн газарт танилцуулах болно.

ХОЁР: МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ ХӨГЖЛИЙН СУУРЬ БОЛОХ НЬ

 

Мэргэжлийн өндөр ур чадвартай хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, шаардлагад нийцсэн мэргэжилтэй ажилтанг бэлтгэх нь бидний гол зорилго байсаар байна.

Өнөөдөр манай улсын мэргэжлийн боловсрол сургалтын салбарт төр, хувийн хэвшлийн 86 сургалтын байгууллагад 4624 багш ажилтан ажиллаж, 37 мянган суралцагч 16 салбарын 200 гаруй мэргэжлээр суралцаж, төгсөгчдийн 62,3 хувь нь хөдөлмөр эрхэлж, 10 гаруй хувь нь дараагийн шатанд суралцаж байгаа нь улс орны хөгжилд энэ салбарын эрэлт хэрэгцээ онцгой чухал болохыг харуулж байна. Энэ эрхэм үүргийг манай үе үеийн багш нар нэр төртэйгээр биелүүлж, Монгол Улсын хөгжил дэвшлийн үе шат бүхэнд хөтөч нь болж ирсэн билээ.

Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого (2014-2024 он), Мэргэжлийн болон техникийн боловсролыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр (2016-2021 он) зэрэг баримт бичигт багшийн техник мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, давтан сургах, багшийн нэр хүнд, ёс зүй, шаардлага, хариуцлагыг өндөржүүлэн, хөдөлмөрийг бодитой үнэлэх тогтолцоог бүрдүүлэх үндсэн зорилтуудыг дэвшүүлсэн.

Эдгээр зорилтыг хэрэгжүүлэх, багшийн хөгжлийг дэмжих чиглэлээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам тодорхой ажлуудыг хийж байна. Юуны өмнө бид багшийн орлогыг нэмэгдүүлж, амьжиргааг дээшлүүлэхэд анхаарлаа.

“Төрийн болон орон нутгийн өмчийн мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын багш, албан хаагчдад улирлын ажлын мөнгөн урамшуулал олгох журам”-ыг шинэчлэн МСҮТ, Политехник коллежийн багш, албан хаагчдын үр дүнгийн мөнгөн урамшууллыг 10 хувь болгон нэмэгдүүллээ. Багшийн хөгжлийг дэмжих тухай хуулийн дагуу бүх шатны боловсролын байгууллагууд багш хөгжлийн төвтэй болж, үйл ажиллагаанд нь нийт хувьсах зардлын 2 хүртэлх хувийг зарцуулах эрх зүйн шинэ орчинг бүрдүүллээ.

Мэргэжлийн багш нарыг бэлтгэх, шинэ техник, технологи, инноваци, нарийн мэргэшлийн ур чадвар олгох сургалтыг “Чадамжийн төв”-ийг түшиглэн зохион байгуулах эрх зүйн орчинг бүрдүүлэх, багшийг чадавхижуулах асуудлыг төрийн бодлогоор дэмжих шаардлагатай байна.

2015 онд  баталсан “Мэргэжлийн боловсрол, сургалтын багшийн хөгжил” хөтөлбөр хэрэгжсэнээр чадамжид суурилсан сургалт үнэлгээг нэвтрүүлж багшийн  мэргэжлийн мэдлэг, ур чадвар, заах арга зүйг дээшлүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, багшийг үнэлэх, дэмжих, сайн туршлагыг нь түгээх суурь нөхцөл бүрдсэн. Цаашид  Багшийн хөгжлийг дэмжих хуулийн хэрэгжилтийг хангаж Боловсрол, соёл шинжлэх ухааны яамтай хамтран “Багшийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийг боловсруулан засгийн газраар батлуулахаар ажиллаж байна. “Багшийн хөгжлийн төвд тавигдах шаардлага, ажиллах үлгэрчилсэн журам”-ыг Боловсрол, соёл шинжлэх ухааны яамтай, “МБСБ-ын багшийн сургалтын ажлыг багц цагаар тооцох журам”-ийг Сангийн яамтай хамтран шинэчлэн боловсруулж байна. Энэхүү журмыг шинэчлэн боловсруулнаар сурууль дээрх сургалтын цагийн норм, ачааллыг бууруулах, танхимын ба танхимын бус цагийн зохистой харьцааг бүрдүүлэх, багшид нэмэгдэл хөлс тооцох бүтээлч ажлыг үнэлэх замаар багшийн тасралтгүй хөгжлийг дэмжин, жилийн ажлын ачааллыг бууруулж багшийн хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэхэд чиглэсэн зохицуулалтыг тусгаж байна.

Төрийн өмчийн МСҮТ, политехник коллежийн сургалтын орчинг сайжруулж, хичээлийн шаардлагатай хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмжөөр хангана. Бид багшийн орлого, ажиллах орчинг сайжруулахаас гадна МСҮТ, политехник коллежид суралцагчдад нас харгалзахгүйгээр Үндэсний тэтгэлэг 100.000 төгрөгийг олгож эхлээд байна.

Ур чадвартай, оюунлиг багшийн бэлтгэсэн “шавь” Монголдоо төдийгүй олон улсад ур чадвараараа өрсөлдөж байгааг онцлоход таатай байна. Монгол Улс 3 дахь удаагаа буюу 2019 онд ОХУ-ын Казань хотноо болох “Дэлхийн ур чадвар”-ын тэмцээнд гагнуур, цахилгаан, барилгын өрөг угсрагч, сантехник, мужаан, токарь, тогооч, үсчин гэсэн мэргэжлээр оролцох бэлтгэлээ хангаж байна. Бид жил бүр амжилтаа бататгаж, мэргэжлийн боловсролын түвшин, багш, суралцагчдынхаа ур чадварыг сорьж, урагшилж байна. Техник технологийн хөгжил дэвшил, мэдээллийн эрин зуунтай хөл нийлүүлж алхах сэтгэлгээний болоод оюуны хаттай, мэргэшсэн, төлөвшсөн мэргэжилтэй ажилтан бэлтгэж, үр дүнд хүрч буйн илрэл эдгээр үндэсний болон олон улсын ур чадварын тэмцээний амжилтууд харуулж байна.

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас 2018-2019 оны хичээлийн жилийг “Багшийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж дараах арга хэмжээг хэрэгжүүлж байна.

Нэгдүгээрт, Багш бэлтгэх давтан сургах сургалтын агуулга, арга хэлбэр, зохион байгуулалтыг чанаржуулж, үр өгөөжийг нэмэгдүүлэх,

Хоёрдугаарт, Багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжлийг хангах, мэргэжил дээшлүүлэх, танхимын төдийгүй цахим сургалтыг хөгжүүлж, багш бүрийг компьютержуулах,

Гуравдугаарт, “Чадамжийн төв”-үүдийг мэргэжлийн багшид шинэ техник, технологи, инноваци, нарийн мэргэшлийн ур чадвар олгох сургалтын бааз болгон хөгжүүлэх,

Дөрөвдүгээрт, Багшлах эрх, сургах зүйн чадамж олгох сургалтын агуулгыг шинэчилж, дадлага хийх явцад нь хичээл сургалтанд нь сууж мэргэжил арга зүйн зөвлөн туслах үйлчилгээг үзүүлэх,  

Тавдугаарт, Сургалтын байгууллага ёс зүйн зөрчлөөс ангид байхыг эрхэмлэж багш, ажилтан бүр ёс зүйн дүрмийг үйл ажиллагаандаа чанд мөрдөх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлнэ.

Техникийн болон мэргэжлийн боловсрол сургалтын агуулга, арга зүй, үнэлгээний тогтолцоог боловсронгуй болгох ажлыг эрчимжүүлэн, багшийн хөгжил оролцоог дэмжиж, сургалтын чанар, хүртээмж, үр ашгийг дээшлүүлэх, салбарын ажилтан, албан хаагчдын ажлын хариуцлага, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж ажиллахаар бодлого, зорилтоо тодорхойлон, холбогдох эрх зүйн таатай орчныг бүрдүүлнэ. Бид Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хууль, тогтоомжийн  шинэчлэлийг шинэ түвшинд хүргэхээр хичээж байна. Хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд:

  • Үндэсний Мэргэшлийн хүрээг бий болгож төлөвшүүлэх,
  • Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудыг төрөлжүүлэн хөгжүүлэх,
  • Олон эх үүсвэр бүхий санхүүжилтийн механизмыг бүрдүүлэх, бие даасан санхүүжилтийн эх үүсвэрт шилжих,
  • Багш ажилтныг чадавхижуулах, хүний нөөцийн бодлого төлөвлөлтийн зөв, оновчтой механизмыг бүрдүүлэх,
  • Хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх, урамшуулал хөшүүргийг бий болгох,
  • Нийгмийн түншлэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг өргөн хүрээтэй зохицуулалтыг хийж энэ хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр бэлэн болголоо.

Эдгээр шинэчлэлийн бодлогууд батлагдан хэрэгжвэл мэргэжлийн боловсролын хөгжил нэг алхамаар урагшилна. Олон жил яригдсан асуудлууд шийдэгдэж өөрчлөлт шинэчлэлт гүнзгийрнэ. Та бид энэхүү өөрчлөлт шинэчлэлтийг хамтдаа манлайлж хэрэгжүүлнэ.  

          Эрхэм хүндэт багш, сурган хүмүүжүүлэгчид ээ,

Монголын багш нарын VII их хурлын төлөөлөгчид Та бүхэн тулгамдаж буй асуудал, сорилтуудынхаа талаар санал бодлоо нээлттэй хэлэлцэж, туршлага сургамжаа хуваалцаж, зөв оновчтой шийдэл олныг гаргана гэдэгт итгэлтэй байна. ХНХЯ Та бүхний гаргасан санаачилга, шийдлийг ажил хэрэг болгохын төлөө ажиллахад бэлэн байна.

Эрдмийн гэгээн үйл хэрэгтээ амжилт гаргаж, эрүүл энх аз жаргалаар дүүрэн байхыг хүсч, хурлын үйл ажиллагаанд амжилт хүсье.

Дээш