Мэргэжлийн боловсролын салбарын шинэчлэлийн асуудлаар чуулж зөвлөмж гаргалаа

Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, ЮНЕСКО-гийн Бээжин дэх төлөөлөгчийн газар, Техник, мэргэжлийн боловсрол, сургалтын олон улсын төв, Монгол улсын ЮНЕВОК төвүүд, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисстой  хамтран “Мэргэжлийн боловсролын салбарын шинэчлэл” үндэсний чуулганыг Улаанбаатар хотноо өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан.

Үндэсний чуулганд НҮБ-ын Суурин төлөөлөгч Биата Транкман, ЮНЕСКО-гийн Насан туршид суралцахуйн тогтолцоо, бодлогын газрын дарга ноён Борхен Чакроун, ЮНЕСКО-гийн Парис дахь төвийн Мэргэжлийн боловсрол, сургалтын газрын дарга Хиромичи Катаяама, ЮНЕВОК олон улсын төвийн дарга Шамал Мажумдар, ЮНЕСКО-гийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын дарга Мариелза Оливера болон ХБНГУ, Англи, Япон, БНСУ, Хятад зэрэг орны ЮНЕСКО-ЮНЕВОК төвийн төлөөлөгчид, олон улсын түнш байгууллага, мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын судлаач экспертүүд, сургуулийн захирал удирдлага, ажил олгогчийн төлөөлөл оролцсон юм.

Хоёр өдөр үргэлжилсэн уг чуулганыг мэргэжлийн боловсрол сургалтын салбарын өнөөгийн хөгжлийн чиг хандлага, шинэчлэлийн асуудлыг хэлэлцэж,  олон улсын мэргэжлийн боловсролын салбарын сайн туршлагаас суралцах, түгээн дэлгэрүүлэхэд үр дүнгээ өгсөн ажил хэрэгч үйл ажиллагаа болсныг оролцогч талууд үнэлсэн бөгөөд Монголын Мэргэжлийн боловсролын салбарын өнөөгийн нөхцөл байдлыг сайжруулахын тулд түгээн дэлгэрүүлэх боломжтой олон улсын стратеги, бодлогыг хэлэлцэж, зөвлөмж гаргасан билээ.

С.Чинзориг: Мэргэжлийн боловсролын шинэчлэлд ЮНЕСКО-той хамтарч хийх зүйл их байна

“Мэргэжлийн боловсролын салбарын шинэчлэл” үндэсний чуулганд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг хэлсэн үгэндээ Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт мэргэжлийн боловсрол, сургалтын талаар олон тодорхой зорилтууд дэвшүүлснийг дурдаад  манай улс 1961 онд НҮБ-ын 101 дэх гишүүн орноор, НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын төрөлжсөн байгууллага ЮНЕСКО-д гишүүнээр элсээд 57 жил болж буй бөгөөд элссэн цагаасаа ЮНЕСКО-гийн дүрмийн заалтад нийцүүлэн, хүн төрөлхтний хөгжил дэвшлийн төлөө дэвшүүлсэн үзэл санаа, санал санаачлагыг дэмжин төрийн бодлого чиглэлдээ тусган боломжийнхоо хэрээр хэрэгжүүлж  ирсэн  нь манай улсын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулсныг онцлон тэмдэглэсэн.

Тэрбээр “ЮНЕСКО манай улсын нийгмийн байгууллын хэв шинжээс үл хамааран хамтран ажиллаж, манай оронд орчин цагийн шинжлэх ухааны мэдлэг, эрдэм боловсрол түгээх, үндэсний соёл, урлаг, түүх соёлын өв болон байгаль орчныг хамгаалах, техник, технологийн дэвшилт ололтыг таниулах, хүний үндсэн эрх, эрх чөлөөг хангахыг уриалах зэргээр монголчуудыг нийгмийн хөгжил, дэвшлийн замд үргэлж дэмжин зоригжуулж ирснийг зүй ёсоор тэмдэглэхийг хүсч байна.НҮБ-ын гишүүн орны хувьд бид Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт бодлогын дүн шинжилгээ хийлгэх хүсэлтээ ЮНЕСКО-д гаргаснаар бид доорх хамтын ажиллагаагаа хэрэгжүүлж эхлээд байна.

-Мэргэжлийн боловсрол, сургалтын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлыг  хэлэлцэх;

-ЮНЕСКО-гийн 2016-2021 оны Техник, мэргэжлийн боловсрол, сургалтын Стратегийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх;

-Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын засаглал, удирдлага;

-Мэргэшлийн түвшний үндэсний хүрээ;

-Сургалтын хөтөлбөрийн чанар, багшийн хөгжил, чанарын баталгаажилт,

-Тэгш хүртээмжийн асуудлуудыг хэлэлцэх зэрэг асуудлууд юм.

Иймд манай улсын Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын экспертүүд, хувийн хэвшлийн төлөөлөл, олон улсын хөгжлийн түнш байгууллагууд, НҮБ-ын салбар агентлагууд зэрэг олон талын оролцогч талуудыг нэгтгэн, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн Техник, мэргэжлийн боловсрол, сургалтын шинэчлэлийн талаарх сайн туршлагуудыг хуваалцан бодлогын зөвлөмж гаргана гэж найдаж байна.

Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудыг хөгжлийн бодлого, төлөвлөлттэй уялдуулан тэргүүлэх чиглэлийн үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын зонхилох мэргэжлээр төрөлжүүлэн хөгжүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийн оролцоотойгоор чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрүүдийг шинэчлэх, агуулгын залгамж, уялдаа холбоо, үнэлгээний систем, шалгуур, аргачлалыг сайжруулах, сургалтын байгууллагуудын үйл ажиллагааны чанарын баталгаажуулалт, хяналтыг боловсронгуй болгох, мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээ болон бүсийн арга зүйн төвүүдийг чадавхижуулах зэрэг зорилтуудыг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж байна.

УИХ, Засгийн газрын гишүүний хувьд, мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт эхлүүлсэн төсөл, хөтөлбөрийг эрчимжүүлэх, сургалтын байгууллагуудыг хөгжлийн бодлого, төлөвлөлттэй уялдуулан төрөлжүүлэн хөгжүүлэх, стандарт, хөтөлбөрийг шинэчлэн агуулгын залгамж, уялдаа холбоог хангах, үнэлгээний систем, шалгуур, аргачлалыг сайжруулах, мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээ болон бүсийн арга зүйн төвүүдийг чадавхижуулах зэрэг салбарын томоохон зорилтын хэрэгжилтийг хангахад онцгойлон анхаарч байна” хэмээгээд өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнгээс товч танилцуулсан юм.  

Мэргэжлийн боловсролын үнэлэмжийг дээшлүүлэхэд анхаарна

“Мэргэжлийн боловсролын салбарын шинэчлэл” үндэсний чуулганаас дараах зөвлөмжийг гаргажээ.

Зөвлөмж 1: Монгол Улсын МБС-ын бодлогын тогтолцоог сайжруулах

  1. Хөдөлмөр эрхлэх ур чадварыг сайжруулж, зохистой хөдөлмөр эрхлэлт, аж ахуй эрхлэлтийг дэмжсэн бодлого, стратегийг цаашид бэхжүүлэх
  2. Төрийн болон хувийн өмчит МБС-ын байгууллагуудад холбогдох бодлого, хууль эрх зүйн хүрээг хянан шинжилж, сайжруулах зөвлөмж гаргах.

Зөвлөмж 2: МБС-ын үндэсний зохицуулалт, түншлэлийн механизмыг бэхжүүлэх

  1. МБС-ын Үндэсний Зөвлөлийн үйл ажиллагааг бэхжүүлэх
  2. МБС-ын стратеги төлөвлөгөөний үр дүнтэй хэрэгжилтийг хангах үүднээс сургалтын байгууллага, ААНБ, болон бусад салбарыг уялдаа зохицуулалтаар хангаж, эдийн засаг, аж үйлдвэр, ХАА, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын бодлогод Монголын нөхцөл байдал, соёл, үнэ цэнийг тусгах.  
  3. Салбарын яамдын хамтын ажиллагаа, хувийн хэвшил, ТББ, үйлдвэрчний эвлэл, оюутан, залуучуудын байгууллагуудын  хамтын ажиллагааг дэмжиж, ажлын байран дахь сургалтыг сайжруулах.
  4. Төр, хувийн хэвшлийн олон талт оролцогч талууд болох үндэсний, бүс нутгийн, орон нутгийн удирдлагууд, боловсрол, сургалтын байгууллагууд, ажил олгогчдын нэгдсэн холбоо, аж ахуйн нэгж, аж үйлдвэр, үйлдвэрчний эвлэл, хөгжлийн түнш байгууллагууд, дотоодын болон олон улсын ТББ түүнчлэн бусад МБС-ын оролцогч талуудын оролцоог хангах.
  5. Олон улсын ЮНЕВОК төвүүд болон бусад олон улсын хөгжлийн түнш байгууллагуудтай МБС-ын салбарт хамтран ажиллаж, Монгол Улсын МБС-ын тогтолцооны чадамжийг бэхжүүлэх.

 

Зөвлөмж 3:  МБС-ын хамаарал, чанарыг сайжруулах

  1. ХЗЗ-ийн ур чадварын эрэлт хэрэгцээнд нийцүүлэн МБС-ын сургалтыг чанартай олгох.
  2. Ажлын байран дээр чанартай сургалтад хамрагдах боломжоор хангаж, чадамжид суурилсан сургалтыг бататгах.
  3. МБС-д мэдээлэл харилцаа технологийн боломжийг нэвтрүүлэх,   ялангуяа хөдөө орон нутгийн МБС-ын багш нарын сургалтад нэвтрүүлэх.
  4. Байгаль орчинд халгүй тогтвортой эдийн засаг, нийгмийн хөгжилд чиглэсэн МБС-ыг дэмжих.

 

Зөвлөмж 4: МБС-ын үнэлэмж, үнэ цэнийг дээшлүүлэх

  1. Монгол Улсад жендерийн мэдрэмж сайтай МБС-ын тогтолцоог бүдүүлэх.
  2. МБС-аас хөдөлмөр эрхлэлт хувиараа хөдөлмөр эрхлэх цаашлаад дээд боловсрол эзэмших шилжилтийг дэмжсэн эрх зүйн орчныг бүрдүүлэх.
  3. Тогтвортой МБС-ын үнэлэмжийг дээшлүүлж, суралцагчдыг татахуйц урамшуулал идэвхжүүлэлтийн хэрэгслийг нэвтрүүлэх.
  4. Залуучууд болон насанд хүрэгчдэд ур чадварын сургалтад хамрагдах боломжийг олгох, тэр тусмаа мал аж ахуй эрхлэгчдэд чиглэсэн сургалт олгох.
  5. Дижитал технологи, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн тусламжтайгаар ХЗЗ-ийн мэдээлэл бүрдүүлэх, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, ажлын байранд зуучлахад чиглэсэн хөрөнгө оруулалт хийх.

 

Зөвлөмж 5: Цаг үеийн хэрэгцээнд мэргэшлүүдийг зохицуулан дэвшин суралцах явц, насан туршийн сургалтыг хөгжүүлэх

  1. Олон улсын жишиг загварууд, хүрээтэй уялдуулан олон талыг хамарсан, цогц Мэргэшлийн үндэсний хүрээг хөгжүүлэх.
  2. МБСБ-ууд сургалтын хөтөлбөрөөр дэвшин суралцах насан туршийн сургалтыг дэмжин сурталчилах.
  3. Мэргэжил дээшлүүлэх үйл явцаар МБС-ын багш, сурган хүмүүжүүлэгчдийн чанар, чадамжийг үнэлэх.

 

Зөвлөмж 6: Баримт нотолгоонд үндэслэх 

  1. Үндэсний судалгааны байгууллагуудын чадамжийг хөгжүүлж, бодлого боловсруулагчдад мэдээлэх шаардлагатай судалгаа, дүн шинжилгээг хийх.
  2. МБС-ын сургалт, хөтөлбөрүүдийг үнэлж, хянах зорилгоор МБС-ын мэдээллийн баазыг бүрдүүлэх.
  3. МБС-ын мэдээллийн бааз бүрдүүлэх, судалгаа шинжилгээ, тайлагналыг сайжруулах.

 

Зөвлөмж 7: МБС-ын санхүүжилтийн эх үүсвэрийн нэмэгдүүлж, төрөлжүүлэх

  1. МБСБ болон сургалтад төрөөс олгох санхүүжилтийг нэмэгдүүлэх.
  2. МУ-ын МБС-ын салбарт донор орнуудын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх.
  3. Төр хувийн хэвшлийн түншлэлийн стратегийг сайжруулан идэвхжүүлж МБС-ын санаачилга, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх.

 

Зөвлөмж 8: МБС-ыг дэмжих

  1. МУ-ын МБС-ын үнэлэмж нэр хүндийг дэмжих зорилгоор хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн бааз, санаачилгуудыг боловсруулах
  2. Эмзэг бүлгийн залуучууд, эрэгтэй, эмэгтэй хүмүүс, тэр дундаа хөдөө орон нутагт чанартай МБС-д хамрагдаж ур чадвараа хөгжүүлэх нөхцөлийг олгох зорилгоор олон нийт, эцэг эхчүүдэд чиглэн МБС-ыг дэмжин сурталчилах.

 

Монгол Улс ЮНЕВОК-ийн хоёр шинэ төвтэй боллоо

Чуулганы үеэр ЮНЕСКО-ЮНЕВОК төв болохоор сонгогдон эрхээ авсан Монгол улсын хоёр шинэ төв болох  Мэргэжлийн боловсрол, сургалт үнэлгээний төв, Мэргэжлийн боловсрол сургалт түншлэл зэрэг байгууллагуудын албан ёсны нээлтийг хийж, тууз хайчлах ёслол болсон.

ЮНЕВОК-нь ЮНЕСКО-ийн Техникийн болон мэргэжлийн боловсрол сургалтын төв бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээний төв болон “Мэргэжлийн боловсрол, сургалт, түншлэл” төрийн бус байгууллага ЮНЕВОК төвийн үйл ажиллагааг  явуулах эрхтэй болсон. Ингэснээр Монгол Улс ЮНЕСКО-ийн Техник, мэргэжлийн боловсрол, сургалтын төвүүдийн олон улсын сүлжээ буюу ЮНЕВОК Нэтворк /UNЕVOC Network/-ийн бүрэн гишүүн байгууллагатай болж буй юм.

 

 

 

Дээш