Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр НҮБ-ын хуралд оролцож байна

НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Хүн ам ба хөгжлийн хорооны 50 дугаар хуралдаанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр тэргүүтэй Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчид Америкийн Нэгдсэн Улсын Нью Йорк хотноо оролцож байна.

Уг хуралдаан нь "Хүн амын насны бүтэц ба тогвортой хөгжил" сэдвийн хүрээнд 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 07-ны хооронд зохиогдож байгаа юм. Хуралдааны ерөнхий хэлэлцүүлэгийн үеэр ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр хэлсэн үгэндээ Монгол Улсын Засгийн газраас хүн ам, хөгжлийн асуудлаарх НҮБ-ын томоохон хурал, чуулганы шийдвэрийн дагуу үндэсний бодлого, хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж ирснийг дурдаад, сүүлийн жилүүдэд НҮБ-ын "Тогтвортой хөгжлийн хөтөлбөр 2030"-ийн хүрээнд хэрэгжүүлж эхлээд байгаа томоохон ажлуудаасаа танилцуулав. Тухайлбал, Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Залуучуудын хөгжлийн тухай хууль, Ахмад настны тухай хууль зэрэг хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулсан, шинээр баталсан, хэлэлцэж байгаа болон "Цалинтай ээж" хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр бэлтгэл ажил үргэлжилж буйг цохон тэмдэглэв.

Дээш