Олон улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ.

Олон улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг жендэр, түүнд суурилсан ялгаварлан гадуурхалт, хүчирхийлэл, жендэрийн талаарх нийгэм дэх хэвшмэл ойлголтыг өөрчлөхөд шийдвэр гаргах түвшний, салбарын, оюутан залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, идэвхжүүлэх зорилгын доор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам,  Жендэрийн үндэсний хорооны дэргэдэх Жендэрийн консорциумтай хамтран НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ хүрээнд дараах ажлуудыг зохион байгууллаа. 

  • Эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах тухай НҮБ-ын Конвенцийн хорооноос Конвенцийн хэрэгжилтийн талаар Монгол Улсын ээлжит 8 ба 9 дүгээр илтгэлийг хэлэлцэж, Монгол Улсад ирүүлсэн зөвлөмжийг Улсын Их хуралд танилцуулах ажлын хүрээнд холбогдох илтгэл, танилцуулгыг бэлтгэж, зөвлөмжийн хамтаар 2017 оны 01 сарын 25-ны өдөр УИХ-ын НББСШУ-ны байнгын хороонд хүргүүллээ.
  • 2017 оны 3 дугаар сарын 6-ны өдөр Жендэрийн асуудал хариуцсан салбар зөвлөл, салбар хороо /дүүрэг/ -ны мэргэжилтнүүдэд Жендэрийн ажлын албаны сайн дурын ажилтан Андреа Шэский, Юнитерра хөтөлбөрийн жендэрийн зөвлөх Эмили Макайзак нар “Ажлын байрны бэлгийн дарамт”, “Хохирогчийг буруутгах” сэдвүүдээр сургалт зохион байгууллаа. 
  • 2017 оны 03 сарын 07-ны өдөр "Жендэрт суурилсан хүчирхийлэл ба түүнээс урьдчилан сэргийлэх хамтын ажиллагаа, оролцоо” арга хэмжээг зохион байгуулж, нийт 120 гаруй оюутан залуусыг хамрууллаа. Энэхүү арга хэмжээг Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн Г.Золжаргал чиглүүлж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэг, НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара, Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн захирал, доктор (Ph.D), профессор Д.Мөнхжаргал нар нээж үг хэллээ. Уг арга хэмжээ нь “Төрөөс авч хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагаа” сэдэвт оюутан залуучуудад зориулсан лекцийн хэсэг болон Оюутны эрдэм шинжилгээний бага хурал гэсэн 2 хэсгээс бүрдсэн. Эхний хэсэгт “Монгол Улсын Засгийн газраас залуучуудын хөгжлийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа” сэдвээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хүн амын хөгжлийн газрын дарга С.Тунгалагтамир, “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үзэл баримтлал, онцлог зохицуулалт” сэдвээр Хууль зүй, дотоод хэргийн яамны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэл нар тус тус илтгэл тавьлаа. Түүнчлэн Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Т.Аминаа оюутан, залууст ая дууны мэндчилгээ дэвшүүлж, сурлага хөдөлмөрт нь амжилт хүслээ. Арга хэмжээний хоёр дахь хэсэг Оюутны эрдэм шинжилгээний бага хурлаар үргэлжилж нийт 40 орчим илтгэл ирснээс  шалгарсан 10 илтгэлийг хэлэлцүүллээ.

Аман илтгэл

1-р байранд ШУТИС-ийн БУХАС-ийн оюутан С.Мөнхзул, А.Дуламдорж нарын хамтын илтгэл 

2-р байранд МУБИС-ийн НХУС-ийн оюутан  Г.Майдраа 

3-р байранд МУИС-ийн БС-ийн оюутан Б.Цасчихэр, Д.Лхагва-Очир нарын хамтын илтгэл 

Тусгай 1-р байранд МУБИС-ийн БС-ийн оюутан Б.Дариймаа 

Тусгай 2-р байранд МУБИС-ийн БоСС-ийн оюутан Н.Заяахүү 

 

Ханын илтгэл 

1-р байранд МУБИС-ийн НХУС-ийн оюутан Ч.Хишигнэмэх 

2-р байранд МУБИС-ийн НХУС-ийн оюутан Г.Мөнхбаасан 

3-р байранд МУИС-ийн ХЗС-ийн эрх зүйн ангийн оюутан М.Долгор

Тусгай 1-р байранд МУБИС-ийн БоСС-ийн оюутан Д.Сонинбаяр 

Тусгай 2-р байранд ИЗОУИС-ийн Эрх зүйн ангийн оюутан С.Байгаль

Дээш