“Насжилтын бодлого: Нэгдмэл стратеги ба олон улсын туршлага” семинар зохион байгууллаа
Дэлхийн хүн амын насжилтын чиг хандлага, олон улсын сайн туршлагыг судалж, Монгол Улсын насжилтын бодлогыг нэгдмэл, хүртээмжтэй, тогтвортой хөгжүүлэх арга замыг хэлэлцэх зорилгоор Дэлхийн банкны дэмжлэгээр "Насжилтын бодлого: Нэгдмэл стратеги ба олон улсын туршлага” семинар зохион байгууллаа.
Дэлхийн Банк группын хэрэгжүүлж эхлээд байгаа “Монгол Улсын
насжилтын дүн шинжилгээ”-тэй танилцаж, олон улсын сайн туршлагыг Монгол Улсад
нутагшуулах боломж, хүн амын насжилтын чиг хандлага, Монгол Улсын өмнө тулгарч
буй сорилт, тэдгээрийг шийдвэрлэх арга замын талаар хэлэлцэж, Сингапур,
БНХАУ-ын насжилтын бодлого, олон улсын сайн туршлагатай танилцлаа.
Хүн амын насжилт бол зөвхөн хүн ам зүйн өөрчлөлт биш. Энэ нь
эдийн засгийн хөгжил, хөдөлмөрийн зах зээл, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал,
асаргаа үйлчилгээ болон нийгмийн оролцоотой салшгүй холбоотой юм.
Цаашид бид дараах чиглэлд анхаарч ажиллана.
-Нэгдүгээрт, насжилтын асуудлыг урт хугацааны
хөгжлийн бодлого, төлөвлөлттэй уялдуулж, салбар хоорондын хамтын ажиллагааг
бэхжүүлэх.
-Хоёрдугаарт, ахмад настны мэдлэг, ур чадвар,
туршлагыг нийгэм, эдийн засгийн хөгжилд ашиглах, хөдөлмөр эрхлэх боломж болон
нийгмийн оролцоог нэмэгдүүлэх.
-Гуравдугаарт, ахмад настны хэрэгцээнд нийцсэн
эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, урт хугацааны асаргаа, халамжийн үйлчилгээг
хөгжүүлж, хүртээмж, чанар, тогтвортой санхүүжилтийг сайжруулах.
-Дөрөвдүгээрт, бодлогын шийдвэрийг судалгаа,
нотолгоонд тулгуурлан гаргаж, хэрэгжилтийн үр дүнг үнэлэх, олон улсын сайн
туршлагыг үндэсний онцлогт нийцүүлэн нэвтрүүлэх.
Эдгээр зорилтыг хэрэгжүүлэхэд төрийн байгууллагуудаас гадна
хувийн хэвшил, иргэний нийгэм, эрдэм шинжилгээний байгууллага, олон улсын
түншүүдийн оролцоо, хамтын ажиллагаа чухал юм.