Дэлхийн банкны дэмжлэгтэй хоёр төсөл амжилттай хэрэгжиж, үр дүнгээ дүгнэлээ
Монгол Улсын хөдөлмөр эрхлэлтийн салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, хөдөлмөрийн зах зээлийн боломжийг иргэдэд илүү ойртуулах, цар тахлын хүндрэлийг даван туулахад чухал хувь нэмэр оруулсан “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл” болон “Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл”-ийн хаалт боллоо.
Төслийн үйл ажиллагааг Дэлхийн банкны зээл болон техникийн
дэмжлэгтэйгээр 2018-2026 онд нэгдсэн зорилгын хүрээнд 2 үе шаттайгаар амжилттай
хэрэгжүүлсэн юм.
Төсөл хэрэгжсэн хугацаанд манай яам, харьяа хэрэгжүүлэгч
байгууллагууд хөдөлмөр эрхлэлтийн төрийн үйлчилгээний шинэчлэл, институцийн
чадавхыг бэхжүүлэх, бичил бизнес эрхлэгчдийг дэмжих, хөдөлмөрийн зах зээлийн
судалгаа, шинжилгээг хөгжүүлэх, цар тахлын үед хувиараа бизнес эрхлэгчид,
ажиллагчид, ажил олгогчдыг дэмжих чиглэлээр олон чухал ажлыг хэрэгжүүлж, бодит
үр дүнд хүрлээ.
Төслийн үр дүнгээс дурдахад:
- Төслийн үр шимийг нийт 900 гаруй мянган иргэн
хүртсэн байна.
- Цар тахлын хүндрэлийн үед 285 мянга гаруй
ажиллагчдад 28.4 сая ам.долларын нийгмийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлт
үзүүлж, ажлын байрыг хамгааллаа.
- Хөдөлмөр эрхлэлтийн цахим И-Жоб системийг
амжилттай хөгжүүлэн нэвтрүүлж, 268 мянган иргэн энэхүү үйлчилгээг ашиглаад
байна.
- Шинэчлэгдсэн хөдөлмөр эрхлэлтийн
байгууллагуудаар дамжуулан 147 мянга гаруй иргэнийг ажлын байранд зуучилсан
байна.
-Нийт 2,100 гаруй бичил бизнес эрхлэгчид 10.2 сая
ам.долларын санхүүгийн дэмжлэг олгож, 5,200 ажлын байрыг хадгалж, шинээр бий
болгосон байна.
- Түүнчлэн салбарын хэмжээнд 1,900 ажилтны
компьютерыг шинэчилж, хөдөлмөр эрхлэлтийн 1,054 ажилтныг мэргэшүүлэн,
чадавхжууллаа.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир
“Төслийн дээрх үр дүн нь хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, хөтөлбөрүүдийн
шинэчлэл, институцийн чадавх, цахимжилт, бичил бизнес, ур чадвар, хөдөлмөрийн
зах зээлийн шинжилгээ болон нийгмийн хамгааллын дэмжлэгийг цогцоор нь бэхжүүлж,
хөдөлмөр эрхлэлтийн төрийн үйлчилгээг үйлчлүүлэгч төвтэй, хүртээмжтэй, үр дүнд
чиглэсэн болгон хөгжүүлэхэд оруулсан чухал хувь нэмэр” болохыг дурдсан юм.
Төслүүдийн хаалтын үйл ажиллагаанд Дэлхийн банк группын Зүүн
Ази ба Номхон далайн бүсийн Нийгмийн бодлогын практик хариуцсан менежер
хатагтай Камилла Холмемо болон Монгол дахь суурин төлөөлөгч хатагтай Виктория
Делмон нар оролцсон бөгөөд дээрх төслүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд оролцогч
байгууллагуудын хүчин чармайлт өндөр байсныг онцоллоо.
ГБХНХЯ цаашид төслийн үр дүнг тогтвортой үргэлжлүүлэх,
хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн
зах зээлийн судалгаанд суурилсан бодлого боловсруулалтыг бэхжүүлэх, иргэдийн
хөдөлмөр эрхлэх боломжийг өргөжүүлэхэд онцгой анхаарч ажиллана.