Нийгмийн даатгалын байгууллагын удирдах ажилтны нэгдсэн сургалт-зөвлөгөөн болж, салбарын бодлого, шинэчлэлийг хэлэлцлээ
2026 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Нийгмийн даатгалын байгууллагын удирдах ажилтны сургалт-зөвлөгөөн зохион байгууллаа.
Тус сургалт-зөвлөгөөний зорилго нь Нийгмийн даатгалын
байгууллагын бодлогын зорилтын хэрэгжилтийг эрчимжүүлэх, Нийгмийн даатгалын
багц хуульд орсон нэмэлт өөрчлөлт болон тулгамдаж буй асуудлын талаар санал
солилцож, мэргэжил арга зүйн удирдлагаар хангахад чиглэв.
Арга хэмжээг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны
Төрийн нарийн бичгийн дарга А.Даваажаргал нээж, Нийгмийн даатгалын ерөнхий
газрын дарга Б.Батжаргал байгууллагын үйл ажиллагаа, цаашдын зорилтоо
танилцууллаа. Мөн удирдах ажилтнуудад Нийгмийн даатгалын багц хуулийн нэмэлт,
өөрчлөлтийн талаар иргэд, даатгуулагч, ажил олгогчдод хүртээмжтэй мэдээлэх,
суурь тэтгэвэр олгох бэлтгэлийг хангах болон санхүүгийн сахилга бат, ил тод
байдлыг хангаж ажиллахыг үүрэг болгов.
Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлээр тэтгэвэр
авагчийн орлогыг нэмэгдүүлж, Монгол Улс анх удаа тэтгэвэр авагч ахмад настанд
суурь тэтгэвэр олгож эхлэх бол ажил олгогчийн санхүүгийн ачааллыг бууруулж, үйл
ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх, мөн ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээгээр
тохирсон хөдөлмөрийн хөлсөнд нийгмийн даатгалын шимтгэл ногдуулахдаа уян хатан,
хөнгөлөлттэй байх нөхцөлийг бүрдүүлэх, нийгмийн даатгалын хамрах хүрээг
өргөжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлсэн.
Нийгмийн даатгалын шинэчлэлийн үр дүн нь зөвхөн хууль
тогтоомж батлагдсанаар хэмжигдэхгүй, харин бид нийгмийн даатгалын хууль
тогтоомжийг үр дүнтэй, шуурхай хэрэгжүүлэх, иргэд, даатгуулагч, тэтгэвэр авагч,
ажил олгогчдод хүргэх үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр
санаачилгатай, хариуцлагатай ажиллахаас хамаарах юм.