Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөл хуралдлаа

Хөдөлмөр, эрхлэлтийн үндэсний зөвлөл өнөөдөр (2026.10.26) хуралдаж Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 2026 оны 03 дугаар улирлын төсвийн гүйцэтгэл, төсвийн тодотголын талаарх мэдээллийг сонсож, төсвийн хуваарьт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэн, холбогдох тогтоолыг баталлаа.

Засгийн газраас төсвийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн эрсдэлийг бууруулах, төсвийн хөрөнгийн үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор зарлагын тэргүүлэх чиглэлийг дахин эрэмбэлж, Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулсан.

Энэхүү өөрчлөлтийн хүрээнд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 2026 оны төсвийн зарлагын хэмжээг 106.7 тэрбум төгрөгөөс 4.2 тэрбум төгрөгөөр бууруулж, 102.5 тэрбум төгрөг болгон баталсан.

Иймд төсвийн тодотголын хүрээнд санхүүжилтийг шинэчлэн хуваарилахын зэрэгцээ хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогын тэргүүлэх зорилтуудыг хэрэгжүүлэх, сангийн хөрөнгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд анхаарлаа.  

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаа, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх хүрээнд 2026 онд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 107.8 мянган иргэнийг хамруулж, 106.7 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөснөөс 2026 оны 09 дүгээр сарын байдлаар 87.8 тэрбум төгрөгийг зарцуулж, төсвийн гүйцэтгэл 82.4 хувьтай байна.

Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн дарга, ГБХНХ-ын сайд Т.Аубакир Батлагдсан тогтоолын хэрэгжилтийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шуурхай зохион байгуулж, хөтөлбөр, арга хэмжээний үр дүнд хяналт тавин, төсвийн хөрөнгийн үр ашигтай зарцуулалтыг хангаж ажиллахыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч З.Бауыржанд чиглэл болгов.

Дээш