"Хүүхдийн зуслан 100 жил–Ирээдүйн хөгжлийн эхлэл” хүндэтгэлийн арга хэмжээ боллоо
Монгол Улсад хүүхдийн зуслан үүсэж, хөгжсөний түүхт 100 жилийн ойд зориулсан “Хүүхдийн зуслан 100 жил–Ирээдүйн хөгжлийн эхлэл” хүндэтгэлийн арга хэмжээ боллоо.
Арга хэмжээнд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд
Т.Аубакир оролцож, хүүхдийн зуслангийн салбарын үе үеийн ахмад ажилтан, багш,
сурган хүмүүжүүлэгчдэд ойн баярын мэнд хүргэн, хүүхдийн хөгжил, төлөвшилд хувь
нэмрийг нь онцлон тэмдэглэв.
Түүхт ойг тохиолдуулан Монгол Улсын Засгийн газраас
“Хүүхдийн зуслангийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 299 дүгээр
тогтоолыг баталж, зуслангийн үйл ажиллагааг өргөжүүлэх, хөгжлийн үйлчилгээний чанар, хүртээмж, аюулгүй байдлыг
сайжруулах, эрх зүйн орчныг боловсронгуй болгох бодлогын зорилтуудыг
тодорхойлсон.
Улсын хэмжээнд хүүхдийн зуслангийн зориулалттай 72
байгууламж бүртгэлтэй байгаагаас 2026 онд 55 зуслан үйл ажиллагаа явуулж, 56
мянга орчим хүүхдийг хамруулжээ. Энэ нь хүүхдийн хөгжлийг дэмжих, чөлөөт цагийг
үр бүтээлтэй өнгөрүүлэх орчныг нэмэгдүүлэхийн зэрэгцээ зуслангийн салбарын
тогтвортой хөгжлийг хангах шаардлага байгааг харуулж байна.
Цаашид хүүхдийн зусланг жилийн дөрвөн улиралд үйл ажиллагаа
явуулах боломжтой, шинжлэх ухаан, технологи, инновац, урлаг, спорт, байгаль
орчны боловсролыг хослуулсан хүүхдийн хөгжлийн цогц орчин болгон хөгжүүлэхэд
анхаарна.
Түүнчлэн төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын
хамтын ажиллагааг өргөжүүлж, хүүхдийн зуслангийн дэд бүтэц, орчин нөхцөл,
үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах замаар хүүхэд бүрд тэгш,
хүртээмжтэй хөгжлийн үйлчилгээ хүргэхийг зорьж байна