Асрамж, халамжийн байгууллагын ажилтнуудад хүний эрхийн сургалт зохион байгууллаа

Өнөөдөр (2026.10.28) Хүний эрхийн Үндэсний Комисс, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хамтран асрамж, халамжийн байгууллагын 75 ажилтанд хүний эрхийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, өдөр тутмын үйл ажиллагаандаа хүний эрхэд суурилсан хандлага, арга зүйг төлөвшүүлэх зорилгоор танхим болон цахим хосолсон хүний эрхийн сургалт зохион байгууллаа.

Сургалтыг ХЭҮК-ын гишүүн Х.Мөнхзул, тус яамны Нийгмийн халамжийн бодлогын газрын дарга Ю.Отгонбилэг нар нээж үг хэллээ.

ХЭҮК-ын гишүүн Х.Мөнхзул энэ үеэр төрийн болон хувийн хэвшлийн асрамж, халамжийн байгууллагын үйл ажиллагаа асруулагчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, хүн төвтэй, хүндээ ээлтэй байх ёстойг сануулж, аливаа ялгаварлан гадуурхалтгүй, хүний эрхийн мэдрэмжтэй үйл ажиллагаа явуулахад ажилтнуудын хүний эрхийн мэдлэг, ойлголт чухал болохыг онцоллоо. Мөн ХЭҮК байгуулагдсан цагаасаа эхлэн зорилтот бүлэгт анхаарал хандуулж, хяналт шалгалт явуулж, хүний эрхийн сургалт зохион байгуулан шаардлага, зөвлөмжийг тухай бүр хүргүүлж зорилтот бүлгийн эрхийг нэн тэргүүнд авч үзэж ирснийг хэллээ. Энэ сургалт нь хүний эрхийн мэдлэг, ойлголт бэхжүүлэхийн зэрэгцээ өдөр тутмын үйл ажиллагаанд хүний эрхэд суурилсан хандлага төлөвшүүлэх зорилготойг оролцогчдод сануулж сургалтын үйл ажиллагаанд амжилт хүслээ.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн халамжийн бодлогын газрын дарга Ю.Отгонбилэг нээлтийн үгэндээ асрамж, халамжийн үйлчилгээ үзүүлэх явцад хүний эрхийг хангах, хамгаалах, хүний эрхэд суурилсан хандлагыг хэвшүүлэхийн ач холбогдлыг онцолж, яамнаас асрамж, халамжийн байгууллага руу чиглэсэн үйл ажиллагаа, шинээр батлагдах хууль тогтоомжийн талаар мэдээлэл өглөө.

“Хүний эрхэд суурилсан төрийн үйлчилгээ” сэдвийн хүрээнд хүний эрхийн ойлголт, ангилал, зарчим, төрийн үүрэг болон төрийн үйлчилгээний талаар мэдээлэл өгч, хүний эрхэд суурилсан хандлагыг практикт хэрэгжүүлэх дасгал ажил зохион байгуулав. Мөн “Зорилтот бүлгийн эрх” сэдвээр зорилтот бүлгийг тодорхойлох, тэдний эрхийг хангах явцад анхаарах асуудлуудыг хэлэлцэж, “Жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх нь” сэдвийн хүрээнд жендэрийн ойлголт, асруулагчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн үйл ажиллагааг хэрхэн явуулах талаар оролцооны аргад суурилсан сургалт зохион байгуулав.

Сургалтыг ХЭҮК-ын Хүний эрхийн боловсролын хэлтсийн ахлах референт Э.Мөнхзул, референт О.Тодбулаг болон Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал Н.Арвинтариа нар удирдан явууллаа.

Дээш