БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чой Жин Воныг хүлээн авч уулзлаа
Миний бие 2026 оны 09 дүгээр сарын 03–08-ны өдрүүдэд БНСУ-д албан томилолтоор ажиллах үеэрээ хууль тогтоох, гүйцэтгэх засаглалын байгууллага болон Үндэсний тэтгэврийн албаны удирдлага, төлөөлөлтэй уулзаж, хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, тэр дундаа Монгол Улсын иргэдийн хөдөлмөрлөх эрх, нийгмийн хамгааллын баталгааг сайжруулах асуудлаар ажил хэрэгч уулзалт өрнүүлсэн.
Тухайн үед хөндсөн асуудлуудыг бодит ажил хэрэг болгон хэрэгжүүлж, хамтын ажиллагааг тодорхой үр дүнд хүргэх дараагийн алхмыг төлөвлөхөөр БНСУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Чой Жин Воныг хүлээн авч уулзлаа.
Тус уулзалтаар дараах асуудлыг ярилцав. Үүнд:
1. БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны 2026 оны 07 дугаар сард Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр хоёр улсын Засгийн газар хоорондын Нийгмийн хамгааллын тухай хэлэлцээрийг шинэчлэхээр тохиролцсон.
Хэлэлцээрийг шинэчилснээр хоёр улсад ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн тооцох, улмаар иргэдийн тэтгэвэр авах эрхийг хангах, нийгмийн хамгааллын хүртээмжийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой.
Иймд хэлэлцээрийг шинэчлэх Засгийн газар хоорондын хэлэлцээг ойрын хугацаанд эхлүүлэх, бэлтгэл ажлыг шуурхай зохион байгуулахад хамтран ажиллах
2. Монгол Улсын иргэдийн хөдөлмөрлөх эрх, нийгмийн хамгааллын баталгааг бэхжүүлэх
2004 оноос хэрэгжиж буй Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны хүрээнд 2026 оны байдлаар Монгол Улсаас БНСУ-д Е-9 ангиллын визээр 39,000 гаруй иргэн хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар илгээгдсэн байна.
Цаашид эдгээр ажилтны хөдөлмөрлөх эрх, нийгмийн хамгааллын баталгааг бэхжүүлэхийн зэрэгцээ тодорхой нөхцөл, шалгуурын хүрээнд гэр бүлийн гишүүдтэйгээ хамт амьдрах, гэр бүлийн гишүүдийн хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх асуудлыг судалж, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах нь зүйтэй гэж үзэж байна.
Монгол Улсын иргэдийн хөдөлмөрлөх эрхийг хамгаалах, хөдөлмөрийн нөхцөл, нийгмийн хамгааллын баталгааг сайжруулах, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр БНСУ-ын холбогдох байгууллагуудтай хамтын ажиллагааг бэхжүүлэх шаардлагатай байна. Энэ хүрээнд мэдээлэл солилцох тогтолцоог сайжруулах, шаардлагатай тохиолдолд хоёр талын зөвлөлдөх уулзалт зохион байгуулахад хамтран ажиллах
3. Монгол Улс хүүхдийн эсрэг хүчирхийллийг эцэслэх Дэлхийн түншлэлд нэгдэж, Тогтвортой хөгжлийн зорилтуудын хүрээнд хүүхдийн эсрэг хүчирхийллийн бүх хэлбэрийг таслан зогсоох, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр бодлого, үйлчилгээгээ тууштай бэхжүүлж байна.
БНСУ-ын хүүхэд хамгаалал, нийгмийн ажлын салбарт хэрэгжүүлж буй сайн туршлагаас суралцах, нийгмийн ажилтнуудыг мэргэшүүлэх сургалтад хамруулах, туршлага солилцох хөтөлбөр хэрэгжүүлэхэд хамтран ажиллах
4. “Монгол Улс дахь хөдөлмөрийн хяналтын чадавхыг бэхжүүлэх төсөл” -ийг 2027-2029 онд хэрэгжүүлэх болсонд талархаж байна. KOICA-CIAT хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын хөдөлмөрийн мэргэшсэн, хариуцлагатай хяналтын тогтолцоог бий болгох, боловсон хүчний чадавхийг бэхжүүлэхэд хамтран ажиллах тухайд санал солилцож, ажил хэрэгч уулзалт өрнүүллээ.
Элчин сайд уулзалтаар ярьсан асуудлууд дээр өөрийн байр суурийг хэлж, дэмжиж ажиллахаа илэрхийллээ.