Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяныг угтан арга хэмжээ зохион байгууллаа

Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяныг жил бүрийн 11 дүгээр сарын 25-ны (Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг устгах олон улсын өдөр) өдрөөс 12 дугаар сарын 10-ны (Хүний эрхийн өдөр) өдрийг хүртэлх 16 хоногийн хугацаанд зохион байгуулдаг уламжлалтай.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам энэхүү аяныг нэгдсэн ойлголт, төлөвлөлттэй, уялдаа холбоотой, үр дүнтэй зохион байгуулах үүднээс салбарын хэмжээнд урьдчилан эхлүүлж байна.

Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр салбарын удирдах түвшний албан хаагчдын мэдлэг, ойлголт, манлайлал, хариуцлагыг нэмэгдүүлж, жендэрийн эрх тэгш байдлыг хангах, түр тусгай арга хэмжээг бодлого, хууль эрх зүйд тусгах, хүчирхийлэлгүй, аюулгүй орчин бүрдүүлэх чиглэлээр байгууллага, салбар, орон нутгийн түвшинд хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэлийг тодорхойлох уулзалтыг аяны нээлт болгон өнөөдөр зохион байгууллаа.

"Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян, Цагаан туузтаны аян, түүний ач холбогдол, нийгмийн хамгааллын салбарын хувь нэмэр" сэдвээр Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн Эрэгтэйчүүдийн хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн  М.Цасчихэр, "Эрэгтэй, эмэгтэй хүний тэгш эрхийг хангах тусгай арга хэмжээний ойлголт, шинж чанар, түүнийг хэрэглэх, хэрэгжүүлэхэд анхаарах асуудлууд" сэдвээр  Жендэрийн үндэсний хорооны (ЖҮХ) дэргэдэх жендэрийн үндэсний шинжээч Б.Долгор нар мэдээлэл өгсөн.

2026 оны НҮБ-ын уриа нь “Бодит ба цахим орчинд шударга байдлыг хангаж, хохирогчдыг хамгаалж, ял шийтгэлгүй үлдэх байдлыг эцэслэе.” Харин Монгол Улсын 2026 оны үндэсний албан ёсны нэгдсэн уриа нь “ХААНА Ч АЮУЛГҮЙ” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх юм.

Олон улсын аянд “улбар шар” өнгө хүчирхийлэлгүй, аюулгүй ирээдүйг бэлгэддэг. Харин “цагаан тууз” нь эрэгтэйчүүд, хөвгүүд хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэж, хүчирхийлэл үйлдэхгүй, үл тэвчих амлалтыг илэрхийлдэг байна.

Энэхүү 16 хоногийн аяныг яам, 4 агентлаг, 21 аймаг, 9 дүүрэг, шууд харьяа байгууллагуудын түвшинд ялгаатай зохион байгуулах удирдамж, чиглэлийг яамнаас албан ёсоор хүргүүлж, салбарын хэмжээнд аяны үр дүнг нэгтгэн НҮБ-ын Хүн амын сан, Жендэрийн үндэсний хорооны ажлын албанд хүргүүлэх юм.

Энэхүү арга хэмжээг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэн ажилласан НҮБХАС-ын хамт олонд талархал илэрхийлье.

 

Дээш