Гадаад улс орнуудад гэрээгээр ажилтан илгээх тухай тайлбар
Гадаад улс орнуудад Монгол улсын иргэдийг ажиллуулна гэх зар сурталчилгаа цахим сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр ихээр явуулах боллоо. Ингэхдээ Япон, БНСУ болон бусад улс орнуудад ажиллах хүсэлтэй иргэдийг хурдан шуурхай явуулна хэмээн зар түгээж байгаа тул албан ёсны мэдэгдлийг хүргэж байна.
1. Япон улсад дадлагажигч ажилтны хөтөлбөрт хамрагдах талаар
Одоогоор Япон улсад дадлагажигч ажилтан зуучлах зөвшөөрөлтэй 84 байгууллага байна. Дэлгэрэнгүй мэдээллийг www.mlsp.gov.mn линкээс үзнэ үү.
Иргэн та Япон улсад дадлагажигчаар ажиллахын тулд дараах шаардлагыг хангасан байх ёстой. Хэрэв та:
- 18 нас хүрсэн,
- дадлага олгох мэргэжлээр ажилласан туршлагатай,
- япон хэлний тодорхой түвшний мэдлэгтэй бол Япон улсад дадлагажигч зуучлах эрхтэй байгууллагад хандаж болно.
Зуучлагч байгууллага таныг Япон компаний ярилцлагад оруулж, болзол хангаж чадвал эрүүл мэндийн үзлэгт оруулна. Эрүүл мэндээр тэнцсэн хүнд Японы компаниас оршин суух зөвшөөрлийг авч ирүүлнэ. Үүний дараа та зөвшөөрлөө Японы ЭСЯ-нд хүргүүлэн визээ хүснэ. Энэ олон шатны ажил зөвшөөрөлтэй байгууллагаас бүрэн хамаардаг тул та сайтар лавлаж тодруулах нь зүйтэй юм.
2. Бүгд Найрамдах Солонгос Улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллах талаар
БНСУ-руу ажилтан илгээх ажлыг Монгол талаас Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Солонгос талаас БНСУ-ын Аж үйлдвэрийн хүний нөөцийн хэрэг эрхлэх газар удирдан зохион байгуулж байна.
БНСУ-д ажиллах иргэнд:
- 18-39 настай байх
- Хорих ялтай эсвэл түүнээс илүү хүнд ялтай гэмт хэрэгт холбогдоогүй байх
- Солонгосоос албадан гаргах буюу тус улсыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй байх шаардлага тавигддаг.
БНСУ-д ажиллах иргэдийн бүртгэлийг жилд нэг удаа зохион байгуулж, бүртгүүлсэн иргэдээс солонгос хэлний түвшин тогтоох шалгалт авдаг. Солонгос хэлний шалгалтанд тэнцэж, БНСУ-д ажиллах шаардлага хангасан иргэдэд ажил эрхлэх визийг БНСУ-ын ЭСЯ-наас олгодог.
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМ