“ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА, МАГАДЛАН ИТГЭМЖЛЭХ ЖУРАМ”-ЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Монгол Улсын Их
Хурлаас 2024 онд Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталж,
хүүхэд хамгааллын тогтолцоо, үйлчилгээ, оролцогч талуудын чиг үүрэг, хүүхэд
хамгааллын үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдийг магадлан итгэмжлэхтэй холбоотой
харилцааг шинэчлэн зохицуулсан.
Хүүхэд хамгааллын
тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал
эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын хүүхэд хамгааллын асуудлаар
хэрэгжүүлэх чиг үүргийг тодорхойлж, 33.1.3-т хүүхэд хамгааллын үйлчилгээ
үзүүлэх хуулийн этгээдэд тавигдах шаардлага, магадлан итгэмжлэх журмыг
батлахаар заасан.
Хүүхэд хамгааллын
үйлчилгээг хүүхдийн эрх, аюулгүй байдал, дээд ашиг сонирхолд нийцүүлэн
чанартай, хүртээмжтэй үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, үйлчилгээ үзүүлэгч хуулийн
этгээдийн чадавх, хүний нөөц, үйлчилгээний чанар, хүртээмж, холбогдох хууль
тогтоомж, стандартын шаардлагыг хангасан эсэхийг үнэлж баталгаажуулах зорилгоор
“Хүүхэд хамгааллын
үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдэд тавигдах шаардлага, магадлан итгэмжлэх журам”-ын
төслийг шинэчлэн боловсрууллаа.
Журмын төсөлд
хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдэд тавигдах шаардлага,
бүрдүүлэх баримт бичиг, магадлан итгэмжлэх үе шат, үнэлгээний шалгуур үзүүлэлт,
шийдвэр гаргах ажиллагаа, магадлан итгэмжлэлийн хугацаа, хугацааг сунгах,
дуусгавар болгох, хүчингүй болгох, хяналт, мэдээлэл болон гомдол шийдвэрлэхтэй
холбоотой харилцааг нарийвчлан зохицуулахаар тусгасан.
Мөн магадлан
итгэмжлэлийг Хүүхэд хамгааллын тухай хуульд заасан шуурхай тусламжийн,
хамгаалах, нөхөн сэргээх, урьдчилан сэргийлэх үйлчилгээний нэг буюу хэд хэдэн
хэлбэрээр олгох бөгөөд үйлчилгээний хэлбэр тус бүрийн онцлогт нийцсэн
үнэлгээний шалгуур, хэмжих үзүүлэлтийг журмын хавсралтаар тогтоохоор
боловсруулсан.
Иймд “Хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх хуулийн
этгээдэд тавигдах шаардлага, магадлан итгэмжлэх журам”-ын төслийг
шинэчлэн боловсруулан, олон нийтээс санал авахаар танилцуулж байна.
Журмын
төсөлтэй холбоотой саналыг nergui@mflsp.gov.mn цахим хаягаар хүлээн авна.