МЭНДЧИЛГЭЭ

Монгол Улсынхаа хөгжил дэвшил, бүтээн байгуулалтын түүхийг бүтээлцэж, эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан Эрхэм хүндэт ахмад буурлууд аа,

Та бүхэндээ Олон улсын ахмадын өдөр, Монголын ахмадын өдрийн халуун дотно мэндийг өргөн дэвшүүлье.

Жил бүрийн 10 дугаар сарын 1-ний өдрийг дэлхий нийтээрээ ахмад настны эрх, нэр төр, сайн сайхан байдал, нийгэмд оруулж буй хувь нэмрийг хүндэтгэн тэмдэглэдэг билээ.

НҮБ-аас 2026 оны Олон улсын ахмадын өдрийг  “Урт наслах эрин үе: Урт удаан амьдралд нийцүүлэн тогтолцоог дахин эргэцүүлэх нь” уриан дор тэмдэглэж байна. Энэхүү уриа нь хүн төрөлхтний насжилт уртсаж буй өнөөгийн нөхцөлд ахмад настны эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлт, насан туршийн суралцах боломжийг дэмжиж, урт удаан, эрүүл, идэвхтэй амьдрах нөхцөлд нийцүүлэн хөгжүүлэхийн чухлыг онцолж байна.

Ахмад настнууд бол зөвхөн нийгмийн хамгааллын үйлчилгээг хүртэгчид бус, гэр бүл, хамт олон, нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, мэдлэг, туршлагаа хойч үедээ өвлүүлэн үлдээж буй идэвхтэй оролцогчид юм.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын зүгээс ахмад настны нийгмийн хамгаалал, орлогын баталгаа, хөдөлмөр эрхлэлт, идэвхтэй насжилт, асаргааны хувилбарт үйлчилгээг сайжруулах бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.

Цаашид ахмад настны хэрэгцээ, онцлогт нийцсэн, хүн төвтэй, хүртээмжтэй үйлчилгээ, идэвхтэй, эрүүл, бүтээлч насжилтыг дэмжих тогтолцоог бүрдүүлэхийг зорьж ажиллана.

Эрхэм хүндэт ахмад буурлууд аа,

Та бүхэндээ эрүүл энх, урт удаан насалж, үр хүүхэд, ач зээ нарынхаа халамж, хайр хүндлэлд аз жаргалтай, амар амгалан, сэтгэл тэнүүн амьдрахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, ГЭР БҮЛ, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Т.АУБАКИР

 

Дээш