Нийгмийн халамжийг зорилтот хэсэгт хүргэх, өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох аргачлалыг шинэчилж байна
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Үндэсний статистикийн хорооны даргын 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/230, А/128 дугаар хамтарсан тушаалаар “Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох аргачлалыг шинэчлэх” ажлын хэсэг байгуулагдсан. Тус ажлын хэсгийн ээлжит хурлыг өнөөдөр буюу 2026 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр зохион байгуулж, аргачлал шинэчлэх ажлын эхний үр дүнг хэлэлцлээ.
Өрхийн амьжиргааны түвшинг бодитой тодорхойлох, нийгмийн
хамгааллын үйлчилгээг зорилтот хэсэгт оновчтой хүргэх зорилгоор “Өрхийн
амьжиргааны түвшинг тодорхойлох аргачлал”-ыг шинэчлэх ажлыг Үндэсний
статистикийн хороо, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны холбогдох
албан хаагчид, эрдэмтэн судлаачид Дэлхийн банкны зөвлөхүүдтэй хамтран хийж
байна.
Монгол Улсад өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох орлогыг
орлуулан тооцох аргачлалыг анх 2010 онд боловсруулж, 2013, 2016 онд тус тус
шинэчилсэн бөгөөд 2023 онд шинэчлэн баталсан хосолмол аргачлалыг одоо ашиглаж
байна.
Хурлын үеэр ажлын хэсгийн дарга, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн
хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга А.Даваажаргал аргачлал шинэчлэх
ажилд хамтран ажиллаж байгаа Дэлхийн банканд талархал илэрхийлээд, ажлын
хэсгийн гишүүд аргачлалыг өнөөгийн нийгэм, эдийн засгийн нөхцөл, мэдээллийн
боломж болон олон улсын арга зүйн шинэчлэлтэй уялдуулан эхний загварын шалгуур
үзүүлэлтүүдийг боловсронгуй болгох шаардлагатайг онцоллоо.
Мөн цаашид өгөгдлийн чанар, хүртээмж, цар хүрээг сайжруулах,
аргачлалын төслийг бодит байдалтай уялдуулан турших, үнэлгээ хийх, шинэ
аргачлалыг сайжруулж, эцэслэн батлуулах ажлыг үе шаттайгаар энэ ондоо багтаан
хэрэгжүүлэхийг ажлын хэсгийн гишүүдэд үүрэг болголоо.