“Эмэгтэйчүүдийн бодлого ба нийгмийн хөгжил” БНСУ, Монгол Улсын хамтарсан онол, практикийн хурал зохион байгууллаа

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, БНСУ-ын Нийгмийн бодлого судлалын  хүрээлэн (ТББ), Сөүлийн Хотын Эмэгтэйчүүд, Гэр бүлийн сан, БНСУ-ын Гёнбуг Аз жаргал сан, Олон улсын Улаанбаатар их сургууль, Эмэтгэй удирдагч сан ТББ-ууд хамтран “Эмэгтэйчүүдийн бодлого ба нийгмийн хөгжил” сэдвийн хүрээнд онол практикийн хурал зохион байгууллаа.

Эмэгтэйчүүдийн нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлт, аюулгүй байдал, жендэрийн тэгш байдал, гэр бүлийн сайн сайхан байдал зэрэг харилцан уялдаатай асуудлыг тус хурлаар хэлэлцэж, туршлага, санал, шийдлийг хэлэлцлээ.

Өнөөдөр дэлхий нийтээр төрөлт буурах, хүн амын насжилт нэмэгдэх, хөдөлмөрийн зах зээл өөрчлөгдөх, гэр бүлийн бүтэц, амьдралын хэв маяг шинэчлэгдэх зэрэг томоохон өөрчлөлтүүдтэй нүүр тулж байна.

Эдгээр өөрчлөлт Монгол Улсад ч мөн адил тулгамдаж байна. Ялангуяа эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ хүүхэд асаргаа, гэр бүлийн үүрэг, ажил хөдөлмөрийг хослуулах боломжийг бүрдүүлэх, эмэгтэйчүүдийн аюулгүй байдлыг хангах, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх зэрэг асуудал анхаарлын төвд байгаа юм.

Иймд эмэгтэйчүүдийн бодлогыг зөвхөн эмэгтэйчүүдэд чиглэсэн бодлого гэж бус, гэр бүл, хүүхэд, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал, хүн ам зүйн бодлоготой уялдсан нэгдсэн бодлого гэж авч үзэх шаардлагатайг онцолсон.

БНСУ нь төрөлт бууралт, хүн амын насжилт, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, хүүхэд асаргаа, ажил–амьдралын тэнцвэр зэрэг асуудлыг бодлогын түвшинд эрчимтэй авч үзэж, судалгаа, бодлого, үйлчилгээг уялдуулан хэрэгжүүлдэг байна.

Онол практикийн хурал нь мэдээлэл солилцохоос гадна цаашдын хамтын ажиллагаа, бодит шийдлийг ярилцсан үр дүнтэй арга хэмжээ боллоо.

Дээш