Уур амьсгалын өөрчлөлт нь зөвхөн байгаль орчны асуудал бус гэр бүл, ажлын байр, шилжилт хөдөлгөөн, нийгмийн асуудал юм

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-д Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам оролцож малчдын нийгмийн баталгаа, хамгааллын асуудлыг хөндөн, зочид төлөөлөгчдөд мэдээлэл хүргэн ажиллалаа.

2025 оны жилийн эцсийн байдлаар манай улсад 313.2 мянган малчин, 247.9 мянган малтай өрх байна. Монгол Улсын нийт хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн 23.0 хувийг малчид эзэлж байна.

Малчдын орлого улирлын чанартай, байгаль цаг уур болон малын түүхий эдийн үнээс шууд хамаардаг. Энэ нь орлогын тогтворгүй байдлыг үүсгэж, зээлээс хамааралтай амьдрахад хүргэдэг.

Монгол Улсын Засгийн газар, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр Малжуулах арга хэмжээг хэрэгжүүлж, малгүй болон цөөн малтай, эсвэл зуд турханд малаа алдсан залуу малчдыг дэмжих зорилгоор 8.0 хүртэлх сая төгрөгийн эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэг үзүүлдэг. 

2025 онд гэхэд 891 малчинд 7.1 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгосон.

Мөн 945 иргэнийг мал маллах болон малын ашиг шим боловсруулах сургалтад хамруулсан байна.

Малчин болон цаатан иргэдийн нийгмийн баталгааг хангах хүрээнд үзүүлж буй нийгмийн даатгал, нийгмийн халамжийн үйлчилгээний талаар энэ үеэр танилцуулсан.

Цөлжилт, ган, бэлчээрийн доройтол нь малчдын орлого буурч, орон нутгаас хот руу шилжих хөдөлгөөнийг нэмэгдүүлэхээс гадна гэр бүлийн гишүүдийн тусдаа амьдрал, стресс, зөрчилдөөнийг өсгөдөг байна. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам УИХ-д өргөн мэдүүлээд байгаа Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийн талаар мөн мэдээлэл хүргэсэн юм.

Хөдөлмөрийн зах зээл хувьсан өөрчлөгдөж, дэлхий дахин ногоон ажлын байр гэх ойлголтыг чухалчилж энэ чиглэлд анхаарлаа хандуулж байна. Манай улсын хөдөлмөрийн зах зээлийн чиг хандлага, өнөөгийн нөхцөл байдлын талаар зочдын асуултад хариулт өглөө.

Дээш