“Хүүхдийн төлөө за бол заавал хийе" үндэсний хөдөлгөөнийг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах чиг үүрэг бүхий ажлын хэсэг хуралдлаа
Монгол Улсын Ерөнхий сайд санаачлан, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2026 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн “Тогтоол батлах тухай” 03 дугаар тогтоолоор баталсан "Хүүхдийн төлөө-За бол заавал хийе" үндэсний хөдөлгөөнийг өрнүүлээд байна.
Тус хөдөлгөөний I үе шат 2026 оны 06 дугаар сарын 01-нээс 2026 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл, II үе шат 2027 оны 01 дүгээр сарын 01-нээс 2027 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүртэл тус тус хэрэгжинэ. Үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийн үр дүнг үнэлсний үндсэн дээр 2028–2032 оны “Хүүхдийн эрхийг хамгаалах хөтөлбөр”-ийг боловсруулах юм.
Уг тогтоолоор даалгасан чиг үүргийн дагуу Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2026 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн А/142 дугаар тушаалаар “Хүүхдийн төлөө За бол заавал хийе” үндэсний хөдөлгөөнийг улсын хэмжээнд нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах чиг үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулаад байна.
Өнөөдөр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир “Хүүхдийн төлөө За бол заавал хийе” үндэсний хөдөлгөөнийг улсын хэмжээнд нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах чиг үүрэг бүхий Ажлын хэсгийг хуралдуулж, үндэсний хөдөлгөөний хүрээнд хийгдэж байгаа ажлуудыг сонсож, хэрэгжилт удаашралтай байгаа зарим арга хэмжээг эрчимжүүлж ажиллах хугацаатай үүрэг чиглэл өглөө. Үүнд:
-Иргэдээс ирүүлсэн эрсдэлийн мэдээллийг ангилан бүртгэх, эрэмбэлэх тогтолцоо ажиллуулж, газрын зурагт суурилсан “Эрсдэлийн зураглал” (Heat Map) хэлбэрээр гаргаж, эрсдэл өндөртэй бүсийг тодорхойлох ажлын хэрэгжилтийг сайжруулах,
-Боловсролын сургалтын байгууллагад “Нээлттэй суваг” ажиллуулж, эрсдэлийг мэдээлэх, санал гаргах боломжийг бүрдүүлэх ажлыг 2026-2027 оны хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө зохион байгуулах,
-Үндэсний хөдөлгөөний зорилт, арга хэмжээний шалгуур үзүүлэлтэд санал ирүүлээгүй яамдууд шуурхай ажиллаж, санал ирүүлэх,
-Бүх яам салбартаа үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг эрчимжүүлэх, өөрийн эрхлэх асуудлын хүрээнд аймаг, дүүргийн Засаг дарга нарыг мэдээллээр хангах, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх,
-Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн шийдвэрээр нийслэлийн төр захиргааны хуучин байрыг (ногоон байр) “Хүүхдийн шинжлэх ухаан, технологийн ордон” болгож, хүүхдийн хөгжлийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хэрэгжилтийг шуурхай ханган ажиллах, үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийн тайланг 2026 оны 8 сарын 14-ний дотор ирүүлэхийг үүрэгжүүллээ.
Дээш