Хүүхдийн эрхийг хамгаалахад хамтран ажиллана

Гэр бүл, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яам, “Кристина Ноблийн Хүүхдийн Сан” Олон улсын төрийн бус байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газар хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.

Санамж бичгийг тус яамны Төрийн нарийн бичгийн дарга А.Даваажаргал,  Кристина ноблийн хүүхдийн сангийн  захирал Б.Амаржаргал нар үзэглэв. 

Энэхүү санамж бичгийн хүрээнд хүүхэд, гэр бүлд ээлтэй орчин бүрдүүлэх, тэдний эрхийг хамгаалах, хөгжлийг дэмжих чиглэлээр талууд хамтран ажиллах юм.

Мөн хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэхэд иргэд, төрийн болон төрийн бус байгууллагын оролцоог нэмэгдүүлэх, олон улсын сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, судалгаа, үнэлгээ, туршлага солилцох, өсвөр насныхны хөгжил, нийгэмшлийн хөтөлбөрийн хүрээнд хуулийн зөрчил гаргасан хүүхдүүдийг гэр бүлд нь эргэн нэгтгэх, асрамж халамжийн үйлчилгээнд байгаа хүүхдийг төрөл садан болон биологийн гэр бүлд нь эргэн нэгтгэх, гэр бүлд түшиглэсэн халамжийн үйлчилгээг бэхжүүлэх, мөн хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны гишүүд, мэргэжилтнүүдийн чадавхыг олон улсын сайн туршлагад суурилсан арга зүй, сургалтын хөтөлбөрөөр үе шаттайгаар нэмэгдүүлэх юм.


Дээш