Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар болон түүний харьяа байгууллагуудаас үзүүлж буй үйлчилгээнд процессын дахин инженерчлэл эхэллээ

Төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд хүндрэл чирэгдэлгүй хүргэх зорилгын хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар болон түүний харьяа байгууллагуудаас үзүүлж буй үйлчилгээнд процессын дахин инженерчлэл хийх талаар Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны удирдлагууд зургадугаар сард хамтарсан уулзалт хийсэн.

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга болон Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2026 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн А/78, А/137 дугаар хамтарсан тушаалаар судалгаа, шинжилгээний ажлыг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах хамтарсан Ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийн даргаар ЗГХХГ-ын Тандалт судалгаа, бодлого төлөлвлөлтийн газрын дарга Н.Баярмаа, дэд даргаар ГБХНХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Идэр нар ажиллана.

Ажлын хэсгийн анхны хурлаар одоо үзүүлж байгаа төрийн үйлчилгээний эрх зүйн үндэслэл, үе шат, хугацаа, шаарддаг баримт бичиг, мэдээлэл солилцоо, шийдвэр гаргах болон хяналтын үйл явцыг нарийвчлан судлах, давхардсан болон шаардлагагүй шат дамжлагыг бууруулах, төрийн байгууллагад байгаа мэдээллийг иргэнээс дахин шаардахгүй байх, цахим болон танхимын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлыг онцлон хэлэлцлээ.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга А.Даваажаргал уулзалтыг нээж хэлсэн үгэндээ процессын дахин инженерчлэлийн ажил нь аль нэг байгууллага, албан хаагчийн үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөхөөс илүүтэйгээр тогтолцооны түвшинд үүссэн хүндрэл, давхардал, зохицуулалтын хийдлийг илрүүлж, төрийн үйлчилгээг иргэн төвтэй, хялбар, шуурхай, хүртээмжтэй болгоход чиглэх ёстойг тэмдэглэв.

Мөн судалгааны явцад хөгжлийн бэрхшээлтэй хүн болон тэдний төлөөллийн байгууллагын оролцоог хангаж, үйлчилгээ авагчдын бодит туршлага, санал хүсэлтийг үйлчилгээний шинэ загвар боловсруулахад тусгах шаардлагатайг онцоллоо.

Судалгааны үр дүнд хөгжлийн бэрхшээлтэй хүнд үзүүлж байгаа төрийн үйлчилгээний үйл явцыг хялбаршуулах, байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах, үйлчилгээ авахад зарцуулах хугацаа, зардал, шат дамжлагыг бууруулах, хэрэгжих боломжтой бодит санал, шийдэл боловсруулах юм.

Хуралд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар болон түүний харьяа байгууллагуудын удирдлага, холбогдох албан тушаалтнууд оролцов.

Дээш