Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай НҮБ-ын конвенцын хэрэгжилтийн ээлжит тайланг илгээнэ

Засгийн газрын 2026.07.01 -ний хуралдаанаар Нэгдсэн Үндэстний Байгууллагын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенцын хэрэгжилтийн талаарх Монгол Улсын Засгийн газрын 11 дүгээр тайланг хэлэлцэн дэмжээд, тайланг Эмэгтэйчүүдийг алагчлах үзлийг устгах хороогоор хэлэлцүүлэхээр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хүргүүлэхийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нарт даалгалаа. 

Монгол Улс Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенцод 1981 онд нэгдэн орсон бөгөөд уг конвенцын 18 дугаар зүйлийн( b)-д заасны дагуу хэрэгжилтийн явцын тайланг Гишүүн орон бүр 4 жил тутамд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хүргүүлэх үүргийг хүлээдэг. 

Монгол Улсын ээлжит 11 дүгээр тайланг 2026 оны  7 дугаар сард Конвенцын хороонд хүргүүлэх хуваарьтай бөгөөд энэ дагуу зөвлөмжийн хэрэгжилтийг хангах, тайлан боловсруулах чиг үүрэг бүхий  салбар дундын ажлын хэсгийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2025 оны А/188 тушаалаар байгуулсан.  

Энэхүү ажлын хэсэг конвенцын 1, 2-т  заасны дагуу хүлээсэн үүрэг,  Тогтвортой хөгжлийн зорилтууд, Монгол Улсын Засгийн газрын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенцын 10 дугаар тайланд өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийн талаар нотолгоонд тулгуурлан тайланг бэлтгэлээ.  

 Монгол Улсын ээлжит 11 дүгээр тайланд Засгийн газраас эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, хөгжлийг дэмжих, нийгмийн хамгааллыг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлсэн бодлого, арга хэмжээний үр дүнг онцлон тэмдэглэжээ. Түүнчлэн жендэрийн эрх тэгш байдлыг хангах, ялгаварлан гадуурхалтыг хориглох эрх зүйн орчин улам бүр бэхжиж, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо болон төлөөллийн олон талт байдал нэмэгдсэн болохыг сайшаан тусгасан. Мөн жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үндэсний хороо байгуулагдаж, гэр бүл, хүүхдийн хэрэг хянан шийдвэрлэх дагнасан шүүхийг байгуулсан зэрэг нь эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, хүртээмжтэй шударга ёсыг бэхжүүлэхэд чиглэсэн үр дүнтэй арга хэмжээ болсныг онцлон тэмдэглэлээ.

Дээш