“ABILITY EXPO-2026” хангайн бүсийн арга хэмжээг зохион байгууллаа
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир, харьяа агентлаг болон салбарын удирдлагуудын хамт Баянхонгор аймагт ажиллаж байна. Энэ хүрээнд тус аймгийн Хөгжимт драмын театрт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих “ABILITY EXPO-2026” цогц арга хэмжээг зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд Хангайн
бүсийн гурван аймгийн 250 гаруй иргэд, хөдөлмөр эрхлэгчид оролцож, харилцан
туршлага солилцон, өөрсдийн амжилтын түүхээсээ хуваалцлаа.
Мөн үзэсгэлэн худалдааны
хэсэгт Баянхонгор, Архангай, Өвөрхангай аймгийн үйлдвэрлэл эрхлэгч 70 гаруй
иргэд оролцож, өөрсдийн гараар бүтээсэн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ олон
нийтэд танилцуулан борлуулалт хийв. Арга хэмжээний үеэр салбартаа олон жил үр
бүтээлтэй ажилласан иргэдийг Засгийн газрын шагналаар шагналаа.
ГБХНХ-ын Сайд Т.Аубакир яам, агентлагийнхаа холбогдох албан тушаалтнуудын хамт иргэд, хөдөлмөр эрхлэгчидтэй уулзаж, тулгамдаж буй асуудал, санал хүсэлтийг сонсон, асуултуудад нь хариулт өгч, зарим тулгамдсан асуудлыг газар дээр нь шуурхай шийдвэрлэн ажиллав.
Абилити экспо нь хөгжлийн
бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг бодитоор дэмжих, тэдний бүтээгдэхүүн
бүтээлийг зах зээлд сурталчлах, салбар дундын уялдаа холбоог чанаржуулахад
чухал ач холбогдолтой арга хэмжээ юм.