“Цахим хөдөлмөр эрхлэлтийн дүн шинжилгээ”-ний урьдчилсан үр дүнг танилцуулав
Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн ирээдүйг тодорхойлох "Монгол Улсын Цахим хөдөлмөр эрхлэлтийн дүн шинжилгээ"-ний урьдчилсан үр дүн, “Платформ эдийн засаг дахь зохистой хөдөлмөрийн тухай ОУХБ-ын 193 дугаар конвенц”-ын талаар танилцуулах хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Цахим
шилжилтийг даган Монгол Улсад платформ хөдөлмөр эрхлэлт эрчимтэй өсөж,
залуучуудад шинэ боломж олгож байгаа ч тэднийг албан бус салбарт үлдэх,
нийгмийн хамгааллын гадна хоцрох эрсдэлийг дагуулж байна. Иймд Гэр бүл,
хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Олон Улсын хөдөлмөрийн байгууллагын
дэмжлэгтэйгээр Цахим хөдөлмөр эрхлэлтийн дүн шинжилгээг “Эн Ар Си Си” ХХК-иар
гүйцэтгүүлж, урьдчилсан үр дүнгээ өнөөдөр танилцуулсан юм.
Хэдийгээр
эрх зүйн орчин сайжирч байгаа ч манай улсын хөдөлмөрийн зах зээлд бүтцийн болон
чанарын сорилтууд тулгарсаар байна. Тухайлбал, Үндэсний статистикийн хорооны
мэдээллээр 2025 оны жилийн эцсийн байдлаар 15 ба түүнээс дээш насны нийт хүн
амын 61.1 (1.4 сая) хувь нь ажиллах хүч, 38.9 (916.2 мянга) хувь нь ажиллах
хүчнээс гадуурх хүн ам байгаа нь платформ болон цахим хэлбэрээр хөдөлмөр
эрхлэгчдийг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд бүрэн хамруулах, албан бус
хөдөлмөр эрхлэлтийн бүртгэлийг боловсронгуй болгох бодлогыг тууштай хэрэгжүүлэх
шаардлагатайг харуулж байгаа юм.
Цахим
хөдөлмөр эрхлэлтийн дүн шинжилгээг үр дүнтэй хийх нь дижиталчлалын эрин үед
зохистой хөдөлмөрийг дэмжих бодлого, стратегийг боловсруулахад чиглэсэн нэн
чухал алхам юм. Энэхүү цахим хөдөлмөр эрхлэлтийн дүн шинжилгээ нь бодлого
боловсруулагчид, судлаачид, мэргэжилтнүүдийн хэрэглээ болж, хүн бүрд
хүртээмжтэй, шударга, эрх тэгш хөдөлмөрийн ирээдүйг бүтээхэд чухал уулзалт,
хэлэлцүүлгийг өрнүүлж, нотолгоонд суурилан шийдвэр гаргахад түлхэц болох юм.
Арга
хэмжээнд Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын Женевийн товчооны Хөдөлмөр
эрхлэлтийн бодлогын мэргэжилтэн Дрю Гардинэр /цахимаар/, Бангкокын товчооны
хөдөлмөрийн эдийн засагч Кристиан Вайгэлан, яамдууд, МҮХАҮТ, МҮЭХ, МАОЭНХ, ОУХБ
болон Үндэсний статистикийн хороо, харьяа байгууллагын удирдлага, албан хаагчид
оролцлоо.