Хөдөлмөрийн зах зээлийн хувьсалд нийцсэн үндэсний ажил мэргэжлийн ангилал, тодорхойлолтыг хөгжүүлэх асуудлыг хэлэлцлээ

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, судалгааны хүрээлэнгээс санаачлан Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоотой хамтран “Үндэсний ажил мэргэжлийн ангилал, тодорхойлолт (ҮАМАТ-08)-ын өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлага” хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, судалгааны хүрээлэн, хүрээлэнгийн дэргэдэх Ажил мэргэжлийн зөвлөл, Боловсролын яам, Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны яам, Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөл, Статистикийн үндэсний хороо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, ажил олгогчид, мэргэжлийн холбоод, үйлдвэрчний эвлэл, салбарын яамдууд, их дээд сургууль, мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагууд, төсөл хөтөлбөр, төрийн бус байгууллага болон бусад холбогдох байгууллага зэрэг хөдөлмөрийн зах зээлийн гол оролцогч талуудын 100 гаруй төлөөлөл оролцов.

Арга хэмжээний хүрээнд:

- Үндэсний ажил мэргэжлийн ангилал ба тодорхойлолтын талаар яамны баримтлах бодлого, үйл ажиллагаа;
- Хөдөлмөрийн зах зээлийн хувьсал ба ҮАМАТ-ын хөгжил;
- Үндэсний ажил мэргэжлийн ангилал, тодорхойлолтын нийгэм, эдийн засгийн ач холбогдол;
- Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг уялдуулах нь;
- Цахим шилжилт ба ирээдүйн ур чадвар;
- Ажил мэргэжлийн ангилал, тодорхойлолт (профайл), ажил мэргэжлийн стандарт боловсруулахад ажил олгогчийн оролцоо сэдвүүдээр илтгэл хэлэлцүүлсэн.

Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн уялдааг хангах, боловсрол, сургалтын хөтөлбөрийг ажил олгогчийн хэрэгцээ, шаардлагатай нийцүүлэх, ур чадвар, хөдөлмөрийн үнэлэмжийг зөв тодорхойлохын тулд Үндэсний ажил мэргэжлийн ангилал, тодорхойлолтыг мэргэшлийн үндэсний шаталсан бүтэцтэй нийцүүлэн хөгжүүлэх шаардлагатайг оролцогч талууд хөндөв.

Дээш