"Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалт, хөгжлийн төв"-ийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг өргөжүүлж, орчин нөхцөлийг сайжруулж байна
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах, хөдөлмөр эрхлэх, бие даан амьдрах боломж нөхцөлийг бүрдүүлэхэд онцгой анхааран ажиллаж байна.
Энэ хүрээнд Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалт, хөгжлийн
төвийн үйл ажиллагааг өргөтгөх, ажлын байр нэмэгдүүлэхэд шаардлагатай
үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, авто машиныг энэ оны Улсын төсөвт тусган, үе
шаттай нийлүүлж байна.
Эхний ээлжид,
-Төвийн албан хэрэгцээний автомашин (105.0 сая
төгрөг)
-Хөгжим, соёлын танхимын тайзны тоног төхөөрөмж
(133.9 сая төгрөг)
-Ажилчдын цайны газрын тоног төхөөрөмж (36.2 сая
төгрөг)-ийг өчигдөр (2026.06.02) хүлээлгэн өглөө. Арга хэмжээнд УИХ-ын гишүүн
Х.Ганхуяг болон ГБХНХЯ-ны төлөөлөл оролцлоо.
2026 онд багтаан модон эдлэлийн үйлдвэрийн 389.8 сая
төгрөгийн тоног төхөөрөмж, өргөтгөлийн барилгын засвар (200 сая төгрөг), харуул
хамгаалалтын систем (35.2 сая төгрөг)-ийн хөрөнгө оруулалтын ажлуудыг бүрэн
хэрэгжүүлэх юм.
Харааны бэрхшээлтэй иргэдийн амьдралын баталгааг дээшлүүлэх,
мэргэшил олгох, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилготой үйл ажиллагаа явуулдаг
тус төв 82 ажилтантайгаас 64 нь харааны бэрхшээлтэй юм. Тэд монгол гэр, эсгий,
зөөлөн эдлэл, цэвэрлэгээний багаж, хөдөлмөр хамгааллын хувцас, ариун цэврийн
цаас, цаасан болон даавуун уут зэрэг олон төрлөөр сургалт, үйлдвэрлэл эрхэлж
байна.
Манай Улсад харааны бэрхшээлтэй 12 мянган иргэн бий.
Үйлдвэрлэлийн хүчин чадал тоног төхөөрөмжийг нэмэгдүүлж, ажиллах, хөгжих орчныг
сайжруулснаар хараагүй иргэд тогтвортой ажлын байртай болох, мэргэшил эзэмших
боломжтой болох юм.