НҮБ-ын Хүн Амын Сангийн хөтөлбөрт үнэлгээ хийх шинжээчдийн төлөөлөлтэй уулзлаа
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга А.Даваажаргал НҮБ-ын Хүн амын сангаас 2023–2027 онд хэрэгжүүлж буй “Улс орныг дэмжих 7-р хөтөлбөр”-ийн явцад үнэлгээ хийх хараат бус шинжээчдийн багийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Шинжээчдийн баг хамтран хэрэгжүүлж буй төсөл арга хэмжээний
явц, үр дүнд хөндлөнгийн үнэлгээ хийхээс гадна цаашдын хамтын ажиллагаанд
тусгах арга хэмжээний талаар санал авч буйгаа танилцуулсан.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам НҮБ-ын Хүн амын
сантай жендэрийн эрх тэгш байдлыг хангах, жендэрт суурилсан хүчирхийллийг
бууруулахад түлхүү хамтран ажиллаж байна.
Хүн ам зүйн олон асуудал тулгамдаж байна. Тухайлбал, төрөлт,
гэрлэлтийг дэмжих, хот хөдөөгийн залуусын хүйсийн тэнцвэрт байдлыг хадгалах,
эрэгтэй эмэгтэй хүмүүсийн насжилтын зөрүүг бууруулахад чиглэсэн нарийвчилсан
судалгаа хийх, бодлого боловсруулахад цаашдын хамтын ажиллагааг чиглүүлэх
боломжтой талаар Төрийн нарийн бичгийн дарга саналаа илэрхийлэв.