Доктор Чан Хи Ли-г Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Найрамдал” медалиар шагналаа
Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын БНХАУ, Монгол Улсыг хариуцсан товчооны захирал доктор Чан Хи Ли-г манай улсын гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын хөгжилд олон жилийн турш үнэтэй хувь нэмэр оруулсныг талархан үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Найрамдал” медалиар шагналаа. Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хот, хөдөөгийн хөгжлийн бодлогын зөвлөх Т.Энхтүвшин гардуулан баяр хүргэлээ.
Гэр бүл, хөдөлмөр,
нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир Доктор Чан Хи Лигийн мэргэжлийн ур чадвар,
тууштай манлайлал, чин сэтгэлийн хамтын ажиллагаа нь Монгол Улсад нийгмийн
түншлэл, хөдөлмөрийн харилцаа, зохистой хөдөлмөр эрхлэлтийг бэхжүүлэхэд бодит
үр дүн авчирсныг онцлон тэмдэглэсэн.
Тэрбээр, иргэдийн
хөдөлмөр эрхлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хүний хөдөлмөр эрхлэх
суурь эрхүүдийг олон улсын жишигт нийцүүлэх, эрх ашгийг хамгаалах, бүтээмж,
үнэлэмжийн шударга тогтолцоог бэхжүүлэх, эрүүл аюулгүй орчинд ажиллах,
хөдөлмөрийн хяналтын механизмыг сайжруулах зэрэг чухал асуудлыг зохицуулж буй
хуулиудын шинэчлэлийг амжилттай хийхэд бодитой хувь нэмэр оруулсанд салбарын
сайдын зүгээс болон албан хаагчдынхаа нэрийн өмнөөс талархаж буйгаа
илэрхийллээ.
Ноён Чан Хи Ли
хөдөлмөрийн хяналтын чухал конвенц болох Олон Улсын хөдөлмөрийн байгууллагын
129, 81 дүгээр конвенцод нэгдэх асуудалд манлайлж, Засгийн газрын хуралдаанаар
дэмжүүлсэн Т.Аубакир сайдыг сайшаан, “Хөдөлмөрийн харилцааны тогтвортой орчныг
бүрдүүлэх цаашдын хамтын ажиллагаа улам бүр өргөжинө гэдэгт итгэлтэй байна”
гэлээ.