Нийгмийн халамжийг дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот хэсэгт чиглүүлнэ

Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, Улсын Их Хуралд  өргөн мэдүүлэхээр боллоо.


Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2012 онд батлагдсанаас хойш  өөрчлөгдөөгүй юм. 


Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулахдаа санхүүжилтийн үр ашгийг дээшлүүлж, халамжийг нэн шаардлагатай зорилтот бүлэгт чиглүүлэх, ядуурлыг бууруулах, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх, нийгмийн тэгш байдлыг хангах, салбар хоорондын уялдааг сайжруулахад анхаарлаа.


Хуулийн төсөлд дараах зохицуулалтыг тусгалаа:

-Нийгмийн халамжийн бодлогыг хүн амыг өсгөх, гэр бүлийн хөгжил, эх,  хүүхдийг  дэмжих бодлогоос зааглаж, төсөвлөж, хэрэгжүүлэх;

-Халамж нэн шаардлагатай зорилтот бүлгийг оновчтой тодорхойлж тэдэнд чиглүүлэх, тэднийг эдийн засаг, нийгмийн эрсдлээс хамгаалах, ядуурлыг бууруулах бодлоготой уялдуулах;

-Халамжийн үйлчилгээнд хамрагдах иргэнийг тодорхойлох явцыг авилга ашиг сонирхлоос ангид байлгах;

-Хөгжлийн бэрхшээлтэй хүний онцлог хэрэгцээнд суурилсан олон талт үйлчилгээг хүргэх;

-Халамжийн олон хөтөлбөрүүдийг нэгтгэх, багцлах, хэрэгцээнд нийцсэн оновчтой болгох;

-Хөдөлмөрийн насны, хөдөлмөрийн чадвартай иргэдийг халамжаас хараат бус байлгах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээнд хамруулж тэдний амьжиргааг дэмжих, тогтмол орлоготой ажлын байртай болгох, бие даан амьдруулах, улмаар ядуурлаас аажмаар гаргах;

-Кейс менежментэд суурилсан нийгмийн ажлын мэргэжлийн үйлчилгээг мэргэжлийн төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн оролцоотойгоор хүргэх, ингэснээр шинэ ажлын байрыг нэмэгдүүлэх;

-Халамж шаардлагатай өрх, иргэдийн эрэлт, хэрэгцээнд нийцсэн халамжийн олон хувилбарт үйлчилгээг нэвтрүүлэх;

-Байгалийн гамшиг, гэнэтийн аюулт үзэгдэл, эрсдэлт нөхцөлийн сөрөг нөлөөг бууруулах, цочролд өртсөн иргэдэд үзүүлэх нийгмийн хамгааллын хариу арга хэмжээг холбогдох байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх;

-Нийгмийн халамжийн салбарт мэргэжлийн нийгмийн ажилтан ажиллуулах, нийгмийн ажилтны мэргэжлийн удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх, нийгмийн ажилтан цаастай биш, зорилтот өрх иргэн, олон нийттэй ажиллах зэрэг зохицуулалтыг шинээр тусгасан.

-Халамжийн үйлчилгээг бусад салбарын бодлого, арга хэмжээтэй уялдуулах, орон нутгийн оролцоог нэмэгдүүлэх, олон эх үүсвэрээс санхүүжүүлэх тогтолцооны асуудал зэргийг тусгасан юм.

 

Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийг дагалдуулан нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүд батлагдсанаар нийгмийн халамжийн өнөөгийн тогтолцооны хамрах хүрээ нь оновчтой, зорилтот бүлэгт чиглэсэн, эдийн засгийн хувьд үр өгөөжтэй байж, үйлчилгээ нь иргэдийн идэвх сонголтод тулгуурлан хөдөлмөр эрхлэлтийн бодлоготой уялдсан, уян хатан, чанартай, хүртээмжтэй болно.


Нийгмийн халамжийн үйлчилгээнд зарцуулж байгаа нийт зардлыг огцом бууруулахгүйгээр, одоогийн халамжийн төсвийн хүрээнд дахин хуваарилалт хийх зарчим баримтлах тул хуулийн төсөл батлагдсанаар төсөвт ачаалал үүсгэхгүй, халамжийн зардлын үр ашиг сайжрах юм. Энэ шинэчлэл бол халамжийг танах тухай биш, харин халамжийг зайлшгүй хэрэгцээ шаардлагатай  хүнд, зөв хэлбэрээр, хэрэгтэй үед нь хүргэх юм.

Дээш