Төрийн албан хаагчийг зайнаас цахимаар ажиллуулахад баримтлах нийтлэг аргачлалыг баталлаа
“Төрийн байгууллагын үйл ажиллагааны талаар
авах арга хэмжээний тухай” Засгийн газрын 2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн
119 дүгээр тогтоолоор Төрийн албан хаагчийг зайнаас цахим сүлжээгээр ажиллуулах
нөхцөл, журам, гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт бүхий аргачлалыг холбогдох хууль
тогтоомжид нийцүүлэн баталж, мөрдүүлэхийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн
хамгааллын сайдад даалгасан.
Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 43.3-т “Ажил олгогч нь
ажил, амралтын цагийг зохицуулах, хөдөлмөр эрхлэлтийн уян хатан нөхцөл хэрэглэх
зэргээр ажилтны ажил, амьдралын тэнцвэрийг хангахад дэмжлэг үзүүлэх, хамтын
гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд тусгах замаар ажилтны хүүхдэд ээлтэй,
хүүхэд хамгааллын бодлого хэрэгжүүлнэ”, Төрийн албаны тухай хуулийн 41.3 дахь
хэсэгт “Ажлын зайлшгүй
шаардлагатайгаас бусад тохиолдолд төрийн албан хаагчийг долоо хоногийн ажлын
нэг өдөр зайнаас ажиллуулна.” гэж
тус тус заасан.
Дээрх хууль
тогтоомжийн хэрэгжилтийг хангах хүрээнд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын
яам, Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүүхдийн Сантай хамтран “Гэр бүлд ээлтэй
ажлын байрны бодлогын хэрэгжилтийн өнөөгийн нөхцөл байдал” үндэсний судалгааг
2025 оны 10 дугаар сараас эхлүүлж, үр дүнг 2026 оны 3 дугаар сард хэлэлцүүлэн,
танилцуулсан.
Судалгааг
IRIM судалгааны хүрээлэн гүйцэтгэсэн бөгөөд уг судалгаанд төр, хувийн хэвшлийн
том, жижиг, дунд аж ахуйн нэгж, байгууллага, яам, агентлаг, орон нутгийн
захиргааны байгууллага зэргээс 1100 орчим ажилтан, албан хаагч хамрагдсан.
Үндэсний
судалгааны дүн, аргачлалын төслийг дээрх тогтоолтой уялдуулан “Төрийн албан
хаагчийг зайнаас цахимаар ажиллуулахад баримтлах нийтлэг аргачлал”-ын төслийг
боловсруулан яамд, Төрийн албаны зөвлөл, холбогдох бусад байгууллагаас санал
авч, тусган Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2026 оны 04 дүгээр сарын
30-ны өдрийн А/85 дугаар тушаалаар “Төрийн албан хаагчийг зайнаас цахимаар
ажиллуулахад баримтлах нийтлэг аргачлал”-ыг баталлаа.
Аргачлалын
дагуу төрийн байгууллагууд үйл ажиллагаа, салбар, чиглэлийн онцлогт нийцүүлэн байгууллагын хэвийн, тасралтгүй, шуурхай байдлыг
алдагдуулахгүйгээр төрийн албан хаагчийг долоо хоногийн ажлын нэг өдөр зайнаас
цахимаар ажиллуулах, ажлын цагийг уян хатан зохицуулалтыг байгууллагын
хөдөлмөрийн дотоод журам, бусад дотоод хэм хэмжээндээ тусган баталж,
мөрдүүлэхийг зөвлөж байна.
“Төрийн
албан хаагчийг зайнаас цахимаар ажиллуулахад баримтлах нийтлэг аргачлал” болон “Гэр
бүлд ээлтэй ажлын байрны бодлогын хэрэгжилтийн өнөөгийн нөхцөл байдал”-ын
судалгааны тайлантай хавсралтаас танилцана уу.