Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир “Ээлтэй ертөнц” ТББ-д ажиллалаа

Монгол Улсад 0–18 насны 14.6 мянган хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байдгаас 2,700 гаруй нь хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлийн улмаас боловсролын үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байна. Энэхүү нөхцөл байдалтай холбогдуулан боловсролын үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байгаа байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хөгжүүлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор дэмжих төвийн үйл ажиллагааны зардлыг анх удаа 2025 оноос улсын төсвөөс санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн.

Дэмжих төвд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тохируулгат орчинд боловсрол, эрүүл мэнд, сэргээн засах, асаргаа сувилгаа нийгмийн хөгжлийн үйлчилгээг хүүхэд бүрийн үнэлгээнд үндэслэн тэдний онцлогт нийцүүлэн цогцоор үзүүлэх юм.

“Ээлтэй ертөнц” ТББ нь нийгмийн эмзэг бүлэг болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах, тэдний нийгмийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой, мөн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас (ХБХХЕГ) зарласан сонгон шалгаруулалтад амжилттай оролцож, төсвийн санхүүжилтээр хүүхэд хамгаалал, хөгжлийн цогц үйлчилгээг үзүүлж байгаа юм.

Үүнтэй холбогдуулан ГБХНХ-ын сайд Т.Аубакир тус дэмжих төвд ажиллаж, тулгарч буй саад бэрхшээл, ажлын орчны нөхцөл байдлыг сонслоо. “Ээлтэй ертөнц” ТББ нь өнөөдрийн байдлаар нийт хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй 75 хүүхдэд 10 сарын турш боловсрол, эрүүл мэнд, хөгжлийн цогц үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна. Цаашид олон улсын байгууллага болон төрийн институциудтай хамтран ажиллаж, нийгэмд эерэг өөрчлөлт авчрах олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөж буйгаа ярьж байлаа.

Дээш