Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангахад чиглэсэн гурван яамны хамтарсан уулзалт боллоо

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, төрийн бус байгууллага, эцэг эх асран хамгаалагчийн саналыг сонсох, тэдний эрхийг хангах чиглэлээр салбар дундын уялдаа холбоог сайжруулах зорилгоор Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсролын яам, Эрүүл мэндийн яам хамтарсан уулзалт зохион байгуулдаг уламжлал тогтоод 3 жил болж байна.

Энэ удаад ээлжит уулзалтыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлж буй боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулахад салбар дундын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь" сэдвийн дор зохион байгуулж, ГБХНХ-ын сайд Т.Аубакир, Боловсролын сайд Л.Энх-Амгалан, Эрүүл мэндийн сайд Э.Батшугар нар холбогдох бусад удирдлагуудын хамт оролцож, иргэд, төрийн бус байгууллагынханд мэдээлэл өгч, тэдний асуултад хариу өгөв.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого үйл ажиллагаа, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулж, “хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдийн асуудлаар тус тусдаа уялдаа холбоогүй ажиллах нь бидний цаашдын ажлын үр дүнд ахиц дэвшил гарахгүй, ЭРҮҮЛ МЭНДИЙН чиглэлээр урьдчилан сэргийлэлт, оношилгоо, сэргээн засах, БОЛОВСРОЛЫН ЧИГЛЭЛЭЭР хөгжүүлэх, дадлагажуулах, сургах, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН чиглэлээр хөдөлмөр эрхлэлт, амьжиргааг дээшлүүлэх гэсэн бодлого үйл ажиллагааг уялдуулан, төрийн бус байгууллын оролцоотойгоор ажиллавал хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ эрхийг бодитоор хамгаалахад нэг алхам урагшлах болно” гэдгийг онцолсон. 

Цаашид 3 яам хамтран эрт илрүүлэг ба салбар хоорондын мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлж “Нэг иргэн-Нэг бүртгэл” зарчмаар үйлчилгээг чирэгдэлгүй хүргэх, Хөдөлмөрийн тухай хуулийн 144 дүгээр зүйлийн хэрэгжилтийг бодитой хангуулах, цаашлаад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг борлуулах асуудлаар бодлогын дэмжлэг үзүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэн төрийн бүхий л үйлчилгээг саадгүй авахад хамтран ажиллана гэдгээ илэрхийлэв.

Салбар дундын уулзалтыг улирал бүр зохион байгуулахаар тогтсон бөгөөд дараагийн уулзалтыг Эрүүл мэндийн яам зохион байгуулна

Дээш