Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын дээд комиссар Кристоф Кэмпийг хүлээн авч уулзлаа

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир өнөөдөр /2026.05.04/ Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Үндэстний цөөнхийн асуудал эрхэлсэн Дээд комиссар Кристоф Кэмпийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хүндэтгэлийн танхимд хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Сайд Т.Аубакир Монгол Улсын Засгийн газраас үндэстний цөөнхийн нийгмийн хамгааллыг бэхжүүлэх, тэдний өвөрмөц соёл, аж ахуйг хадгалан үлдэх чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөрүүдийг танилцуулав. Ялангуяа тайгад амьдарч буй цаатан иргэдийн амьжиргааг дэмжих зорилгоор олгодог мөнгөн тэтгэмжийн хэмжээг 2026 онд амьжиргааны доод түвшний өөрчлөлттэй уялдуулан нэмэгдүүлсэн (насанд хүрсэн иргэнд 526,200 төгрөг) болон нийгмийн даатгалын шимтгэлийг төрөөс хариуцан төлж байгааг онцоллоо.

Нийт хөдөлмөр эрхлэгчдийн хорин дөрөв орчим хувийг эзэлдэг малчдынхаа онцлогийг харгалзан, тэтгэвэр тогтоолгох насыг таван жилээр наашлуулсан зохицуулалтыг хэрэгжүүлж буйг танилцуулав.

Дээд комиссар Кристоф Кэмп Монгол Улсын зүгээс үндэстний цөөнхийн нийгмийн баталгааг хангах, тэр дундаа цаатан иргэдийг нийгмийн даатгалд албан журмаар хамруулж байгаа сайн туршлагыг өндрөөр үнэлэв. Талууд цаашид үндэстний цөөнхийн нийгмийн хамгааллыг сайжруулах, олон улсын стандартад нийцүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцов.

Дээш